“Замын-Үүд” чөлөөт бүсийн цахим хуудсаар зочилсон Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба нь “Чөлөөт бүсийн тухай хууль”-д заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу газар нутаг, эдийн засгийн таатай  байрлалдаа тулгуурлан улс орны экспорт, импорт, реэкспортын үйл ажиллагааг идэвхжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар гадны дэвшилтэт тэргүүний болон өндөр технологийг нутагшуулах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах шинэ боломжуудыг нээж, “Замын-Үүд” чөлөөт бүсийг Ази, Европ тивийн эдийн засаг, худалдаа бизнесийн түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих чухал гарц,  стратегийн бүс нутаг болгохыг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна.

Бид эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай байгуулж  чадсан гадаад орнуудын туршлагыг өөрийн орны  онцлог нөхцөлтэй уялдуулан “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Эхний ээлжийн бүтээн байгуулалтаар Замын-Үүд сумын үндсэн дэд бүтэц болох дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын систем бүрэн шинэчлэгдэхийн зэрэгцээ “Замын-Үүд”  чөлөөт бүсийн нийт 900 га талбайн 278.62 га буюу 30.9 хувийг дэд бүтцэд бүрэн  хамрууллаа.

Үүний үр дүнд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагч  иргэн, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын “Чөлөөт бүсийн тухай хууль” болон дэлхийн эдийн засгийн өндөр хөгжилтэй бүс нутгуудтай байгуулсан гадаад худалдаа, гааль, тарифын онцгой хөнгөлөлтийн гэрээ хэлэлцээрийн  давуу талыг ашиглан  бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.

Евро-Азийг холбосон худалдааны гол газарзүйн байрлал дээр орших “Замын-Үүд”  чөлөөт бүсийг олон улсын жишигт хүрсэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ,  амралт зугаалгын бүс, боомт хот болгон хөгжүүлэх түүхийг хамтдаа бичэлцэж, Монгол улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахад хамтран ажиллах гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад  манай үүд хаалга нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн,

“Замын-Үүд” Чөлөөт  Бүсийн   Захирагч    И.Батнасан