Түүхэн товчоо

Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх өндөр техник, технологийг нутагшуулах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, эдийн засгийг либералчилах зорилгоор 1995 онд “Эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлал”, 2002 онд “Чөлөөт бүсийн тухай хууль”, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг тус тус баталсанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийг байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн.

Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор “Замын-Үүд”  эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдаж, Үйлдвэр, худалдааны яаманд харъяалагдан ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж 2008 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд, 2012 онд Монгол Улсын Шадар сайд, 2012 оны 8 дугаар сард Эдийн Засгийн Хөгжлийн Яаманд харъяалагдаж, 2015 онд Аж үйлвэрийн яаманд,  2016 онд Монгол Улсын шадар сайдын Ажлын Албанд харъяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

УИХ-ын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  баталснаар өмнө нь мөрдөж байсан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, “Замын-Үүд” эдийн засгийн  чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хүчингүй болгосон.

          Бүтээн байгуулалтын үйл явц

Монгол Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахаар шийдвэрлэж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоон хилийн заагийг тодорхойлсон.

“Замын-Үүд” чөлөөт бүсэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн дотор тус бүсийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2008 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг бүсийн Захирагчийн ажлын албанаас санаачлан боловсруулж, Засгийн газраас өгсөн чиглэлийг дагуу төслийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэх зорилгоор “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” болгон техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулсан.

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн нийт өртөг 58.8 сая ам.доллар бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрт заасны дагуу энэхүү төслийн 50 сая ам.долларыг БНХАУ-ын Эксим банкнаас,   8.8 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэн бүтээн байгуулалт өрнөж байна. Төслийн хүрээнд дулаан хангамж, цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам холбооны 4 багц ажлыг  гүйцэтгэгч “China Camc Engineering” ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байна.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба