Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд чөлөөт бүсийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангах бодлого, урт, дунд хугацааны стратеги, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, холбогдох судалгаа гүйцэтгэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн чиг үүргийн хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалтын үр ашиг, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх, захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, эрхлэх, тайлагнах үйл ажиллагааг зохицуулах, үйлчилгээ үзүүлэх, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд чөлөөт бүсийн төлөвлөлтийн хүрээнд газрын харилцаатай холбоотой харилцааг зохион байгуулах, дэд бүтцийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хөрөнгө оруулагчыг сонгон шалгаруулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд чөлөөт бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад дулаан хангамж, усан хангамж, цахилгаан хангамж, авто зам холбоо, үйлдвэрлэл үйлчилгээний ил тод байдал, тэдгээрийн зарчим стандартууд болон байгаль орчинд халгүй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тэдгээрт хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Гэрээ эрх зүй, хүний нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь стратегийн үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, бодлого, чөлөөт бүсийн болон холбогдох бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн эрх зүйн акт, гэрээ, журам, төсөл хөтөлбөрийг хянах үндсэн үүрэг хүлээж, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах ажлыг хариуцан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, захирагч, ажлын албаны дарга, бүтцийн нэгжүүдийн дарга, ажилтнуудад арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон нийттэй харилцах, мэдээлэл технологийн найдвартай ажиллагааг хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүд болон олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлийн үндэслэлийг боловсруулах, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, хэрэгжилтийг хангах, чөлөөт бүсийн мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Бүртгэл, санхүүгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд чөлөөт бүсийн санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, чөлөөт бүсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох, санхүүгийн менежментийг боловсронгуй болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.