Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар: “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Улсын Их Хурлын чуулганы (2020.08.20) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.

Энэ үеэр  Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл “Эдийн засгийн бодлого” гэсэн гуравдугаар бүлэгт багтсан чөлөөт бүсүүдийн дэд бүцтийн бүтээн байгуулалтын талаарх дэд зорилтыг тодруулав. Түүний асуултад Засийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хариулахдаа “20 гаруй жил чөлөөт бүс байгуулна гэж ярьсан. “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Мөн “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хийгдсэн байгаа.  Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын төсөл энэ жилийн хувьд хэрэгжинэ. “Замын-Үүд” чөлөөт бүсэд дэд бүтцийн нилээд бодитой ажлууд хийгдсэн  гэж бодож байна. Энэ дөрвөн жилд нилээд ахиц гарах байх. Алтанбулаг чөлөөт бүсийн хувьд 2006 оноос хойш  яригдсан. Зарим нэг дэд бүтцүүд хийгдсэн байгаа. Одоо бол цахилгаан хангамжийг өргөтгөх гэх мэт ажлууд хийгдэнэ. Цагааннуурын чөлөөт бүс дээр ч тодорхой ажлууд болон судалгаа хийгдэж  байгаа. Гэхдээ энэ хоёр бүс дээр хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийн дорвитой шийдэл, бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ хэмээн” онцлосон юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА