Н.Зургаанжин: “Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх АЧ ХОЛБОГДЛЫН талаар сургалт хийнэ

“Замын-Үүд” Чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас “Чөлөөт бүс дэх экспорт, импортын боломж, давуу тал” сэдвээр Дэлхийн банк болон бусад байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалт ирэх сарын 6-ны өдөр болох бөгөөд экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд үнэ төлбөргүй оролцох боломжтой юм. Удахгүй болох сургалт болон Замын-Үүд Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын талаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зурганаанжинтай ярилцлаа.

ESA — Юуны өмнө ирэх сарын 6-нд болох сургалтын тухай танилцуулаач?

  • Олон улсын жижигт нийцсэн чөлөөт бүс байгуулах зорилгоор “Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр холбогдох хууль тогтоомж нь байдаг боловч аж ахуйн нэгжүүд мэдээлэл муутайгаас болоод боломжоо ашиглаж чадахгүй байгаа юм. Тиймээс чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах нь аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал бий болдог юм, барааг экспортод гаргахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар энэ үеэр мэдээлэл өгөх болно. Түүнчлэн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй экспортыг дэмжих хөтөлбөрт хэрхэн хамрагдах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах давуу тал, экспорт, импортын боломжууд, “Бүс ба зам санаачлага”-д Монгол Улсын оролцоо, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт гээд  мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж байна.

ESA — Замын-Үүд Чөлөөт бүсийн тухай бид олон жил ярьлаа. Хэзээнээс албан ёсоор нээх вэ. Одоогоор хийсэн бүтээн байгуулалт юу байна?

– 2015 онд чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Ингэхдээ эдийн засаг, худалдааны, хөдөө аж ахуйн чиглэлээр гэж ангилж байсан бол шинэ хуулиар Чөлөөт бүсийг нэг бодлогоор зангидаж өгсөн юм. Мөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид үзүүлэх хөнгөлөлт, экспортод гаргах давуу тал зэргийг нээж өгсөн хууль болсон. Ер нь “Замын-Үүд” чөлөөт бүсийн газрын хэмжээ, төлөвлөгөө зэргийг УИХ, Засгийн газраас баталсан бөгөөд энэ хүрээндээ бүтээн байгуулалтын ажил хийж байгаа.

Манай Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад БНХАУ-ын 50 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн ажил хийж байгаа. Бүтээн байгуулалтын ажил дулаан хангамж, цахилгаан хангамж, усан хангамж ариутгах татуурга, авто зам холбоо дохиолол гэсэн дөрвөн багц ажил хийлээ.

Тухайлбал дулаан хангамжийн чиглэлд чөлөөт бүсийг Замын-Үүд сумтай дулаанаар хангах 90 мвт-ын хүчин чадалтай Дулааны станц барилаа. Энэ станц нь чөлөөт бүсэд 5 төвөөр дулаан дамжуулах бол Замын-Үүд суманд 7 төвөөр дулаан дамжуулах юм.

Цахилгаан хангамжийн хувьд Замын-Үүд сумын 110 квт-ийн дэд станцыг өргөтгөөд 16 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барьж, цахилгаан хуваарилах байгууламжтай нь хамт ашиглалтад орууллаа.

Ус хангамжийн тухайд  Замын-Үүд сумын 20 мянган иргэнийг усаар хангах 500 метр куб багтаамжтай усны танк бүхий барилга байгууламж, хоногт 200 метр куб ус цэвэрлэх хүчтэй ус цэвэршүүлэх байгууламжийг барилаа. Мөн хоногтоо 3040 шоометр ус цэвэрлэх чадалтай бохирын ус цэвэрлэх байгууламж зэргийг барьсан.

Авто замын хувьд Чөлөөт бүсэд 13,6 км хатуу хучилттай зам барьсан бөгөөд эдгээр бүтээн байгуулалт нь зөвхөн Чөлөөт бүсэд ашиглах бус Замын-Үүд сумыг хөгжүүлэх, сумын иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад чиглэн хийсэн. Бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авсан.

Ер нь Замын-Үүд Чөлөөт бүсийн албан ёсны нээлтийг 2018 оны намар хийх бөгөөд одоогоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хүсэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн тоо их байгааг дуулгахад таатай байна.

ESA— Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахын давуу тал юу вэ?

– Импортыг орлох барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад экспортын, гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх, инноваци өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг орлогын албан татвараас 5 жил чөлөөлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийг газрын төлбөрөөс 5-8 жил чөлөөлөх зэрэг олон төрийн дэмжлэг бий. Мөн чөлөөт бүсэд үйлдэвлэгдсэн бүх бараа бүтээгдэхүүн нь MADE IN MONGOLIA нэрийн дор экспортод гарах юм. Тухайлбал Европын холбооны улс орнууд руу 7200 нэр төрлийн барааг татваргүйгээр гаргах боломж байгаа. Үүнийг манай аж ахуйн нэгжүүд ашиглах хэрэгтэй байгаа юм.

ESA— Аж ахуйн нэгжүүд газар олголтыг хэрхэн хийх вэ?

– Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл сонгон шалгаруулах журмаар газар зохион байгуулалтын ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 35 аж ахуйн нэгжийн 39 төсөл шалгарч, эхнээсээ чөлөөт бүсэд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. Чөлөөт бүсийн газар 900 га хэмжээтэй учраас УИХ, Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу аж ахуйн нэгжүүддээ газраа олгоод явж байгаа.

 ESA— Чөлөөт бүсэд  ямар чиглэлийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах боломжтой вэ?

– Салбар салбарын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж болно. Чөлөөт бүсэд барилгын бүтээн байгуулалтууд хийнэ. Одоо Чөлөөт бүсэд зуурмагийн үйлдвэр, барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд ажиллаад эхэлсэн. Гэхдээ Замын-Үүд чөлөөт бүсэд арьс шир боловсруулах, уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж болохгүй. Үүнээс өөр аялал жуулчлал, тээвэр зохицуулалт, худалдаа, нийтийн хоол гэх зэрэг үйлчилгээг эрхлэх боломжтой.

Эх сурвалж: http://ekhsurvalj.mn/news/view/4470