Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консул Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консул Цай Вэньруйг  02 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Шадар сайдын Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан, Гадаад харилцаа хамтын ажиллагаа мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжин, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вэньруй түүний орлогч Жан Ий Ши нар оролцлоо.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн удаа дараагийн уулзалтад тулгуурлан  Монгол Улсын “Талын зам” хөгжлийн стратеги, БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам” бодлогод үндэслэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд Замын-Үүд Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг эрчимтэй хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,  хөрөнгө оруулалт татах  талаар санал солилцов.

Мөн тус уулзалт Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн  үеэр зохион байгуулагдаж байгаад хоёр тал таатай байгаагаа илэрхийлж, цаашид харилцаагаа улам бэхжүүлж, харилцан хамтран ажиллах тал дээр онцгойлон анхаарч ажиллана хэмээн дурьдлаа.

 “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА