“Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээр”-ийн төслийг үзэглэлээ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” байгуулах уулзалт нийт гурван  удаа зохион байгуулагдсан  бөгөөд дөрөв дэх удаагийн уулзалт  2019 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо боллоо.

Уулзалтад Монгол Улсын талаас Шадар сайдын тушаалаар “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Хятадын талтай хэлэлцэн тохиролцох хэлэлцээний багийг ахлаж  Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, Гадаад харилцааны яамны Гадаад харилцаа эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг тэргүүтэй холбогдох төрийн байгууллагуудын 19 төлөөлөл, БНХАУ-ын талаас Худалдааны яамны Гадаад хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Жү Бин болон холбогдох төрийн байгууллагуудын 45 төлөөлөл,  нийт 64 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Тус уулзалтаар хоёр тал “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг заалт нэг бүрээр нь хэлэлцүүлж, зарчмын хувьд агуулгаар нь тохирч, нэгдсэн саналд хүрч хэлэлцээрийг амжилттай үзэглэв.

Хэлэлцээрийн төслийн гол зорилго “Талууд Монгол Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Замын-Үүд, Эрээний чөлөөт бүсүүдийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлэх,  хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа бизнес, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлснээр Монгол, Хятадын  найрсаг хамтын ажиллагааны жишиг бүс болгон хөгжүүлэх”-д оршиж байгаа юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА