Монгол Хятадын эдийн засаг, гадаад худалдаа хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцлоо

Монгол Хятадын эдийн засаг, гадаад худалдаа хамтын ажиллагааны байгууллагын уулзалт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Туушин зочид буудалд болж өндөрлөлөө. Тус уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан, Гадаад харилцаа хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжин нар оролцож чөлөөт бүсийн өнөөгийн байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтаар талууд хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, талуудын баталсан төслүүд тэр дундаа ард иргэдийн амьжиргааг сайжруулах томоохон чухал хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг сайжруулах талаар ярилцав.

Хар мөрөн худалдааны танхимын захирал, мужын орлогч дарга Чен Зи Минг “Хар  мөрөн  муж   нь Хятадын зүүн хойд мужид байрлаж эдийн засгийн коридорыг бүтээн байгуулахад чухал байр суурь эзэлдэг. Бид одоогийн байдлаар Монгол Улсад 140 сая долларын хөрөнгө оруулалт хийж, 118 сая долларын  төмрийн хүдэр, нүүрс импортлосон байна.  2018 онд  дотоодын нийт бүтээгдэхүүн 4,6 хувиар өссөн үзүүлэлттэй” гарсан хэмээн онцоллоо.

Хар мөрөн худалдааны танхим тус мужад  чөлөөт бүс байгуулахаар  ажиллаж байгаа бөгөөд хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийг боловсруулах үйлдвэрийн чиглэлээр түлхүү хөгжүүлэх зорилго тавин  ажиллаж байгаа юм байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА