Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  04 дүгээр  сарын сүүлээр БНХАУ-ын  Бүс ба зам  олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцох ба тус уулзалтаас өмнө БНХАУ-д анхны  төрийн айлчлалаа хийхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын төлөвлөгөөг энэ сарын эхээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчлахдаа хийсэн бөгөөд энэ үеэрээ  хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд хэрэгжих өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхээр талууд санал нэгдсэн тухай ГХЯ мэдээлж байсан билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд, хэд хэдэн асуудлыг Хятадын талтай харилцан хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал: Монгол Хятад хоёр орны засгийн газрын хоорондын хэлэлцээр болох “Замын-Үүд-Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээр”-т гарын үсэг зурж баталгаажуулахаар төлөвлөж байна. УИХ-ын байнгын хороогоор тус гэрээнд гарын үсэг зурах эрх олгох асуудлыг Засгийн газарт олгохыг дэмжсэн билээ.

Мөн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ой тохиож байгаа онцлогтой юм.

Source: Монцамэ