Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцлоо

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 11 дэх удаагийн чуулга уулзалт  “Гурван улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулан, шинэ эрин үеийг цогцлохын тулд нэг үзүүрт хүргэе  уриатайгаар”  2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион   байгуулагдлаа.  Чуулга уулзалтыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол улсын Нийслэл болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Өвөр Монголын Худалдааг дэмжих холбоо, Эрээн хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөллүүд оролцож  харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах талаар санал солилцов.

Тус чуулга уулзалт нь цаашид гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гол зорилготой бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар  гурван улсын эдийн засгийн коридорын дагуух хотууд, аж ахуй нэгжүүд хооронд нийт 9 тэрбум юаны хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА