“Замын-Үүд” чөлөөт бүсээр боомтын зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтэрч эхлэлээ

Монгол Улсын хамгийн том боомт  болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүдийн хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилга байгууламж шинээр барих ажлыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд  авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг  эхлүүлсэн  байна.

Дээрх төслийн багийнхан  2017-2018 онд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 26 боомтын үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтуудыг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа, төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус ажлын хүрээнд боомтоор  албан болон хувийн хэргээр Улсын хил нэвтэрч байгаа зорчигчид, тэдгээрийн  тээврийн хэрэгсэлд хийх хяналт шалгалтын үйл ажиллагааг “Замын-Үүд” чөлөөт бүсийн эзэмшлийн барилга байгууламж, зам талбайд түр хугацаагаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, ААН-үүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс “Замын-Үүд” чөлөөт бүсийн зам талбайгаар суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид нэвтэрч эхлэлээ.

Одоогийн байдлаар  Замын-Үүдийн боомтоор нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд өргөтгөл шинэчлэл хийснээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох  тооцоо гаргасан байна.

 “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА