Чөлөөт бүс дэх гаалийн тусгай дэглэм

10 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх гаалийн тусгай дэглэм

10.1. Барааг чөлөөт бүсэд оруулахад дараах баримт бичгийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ:

10.1.1Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах бараанд ачааны манифест, тээврийн баримт бичиг, шаардлагатай тохиолдолд холбогдох зөвшөөрөл, лиценз;

10.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулах бараанд энэ хуулийн 10.1.1-д заасан баримт бичгээс гадна татвар төлсөн баримт.

10.2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

10.3. Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифын бус хязгаарлалт тогтоохгүй.

10.4. Барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

10.5. Чөлөөт бүсэд нэвтрүүлж байгаа бараанд эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг тавина.

10.6. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай цахим мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд чөлөөт бүсэд нэвтрүүлсэн барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.