“Замын-Үүд” чөлөөт бүсийн цахим хуудсаар зочилсон Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол Улсад чөлөөт бүс байгуулах анхны үзэл баримтлал батлагдсанаас хойш  даруй хориод жилийг ардаа үджээ. Үе үеийн  Засгийн газраас чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд Замын-Үүд сум болон Замын-Үүд чөлөөт бүсийг дэд бүтцээр хангах цахилгаан хангамж,  дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын барилга байгууламжийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах, Замын-Үүд чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах, газар нутаг болоод зах зээлийн давуу байдалд тулгуурлан  хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах”  зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлсэн.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба нь “Чөлөөт бүсийн тухай хууль”-д заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд, “Замын-Үүд” чөлөөт бүсийн газар нутаг, зах зээлийн давуу байдалдаа тулгуурлан улс орны экспорт, импорт, реэкспортын үйл ажиллагааг идэвхжүүлж, Ази, Европ тивийг холбосон эдийн засаг, худалдаа бизнесийн  харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжих чухал гарц,  стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Үүний үр дүнд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагч  иргэн, аж ахуйн нэгжүүд маань Монгол Улсын “Чөлөөт бүсийн тухай хууль” болон дэлхийн эдийн засгийн өндөр хөгжилтэй бүс нутгуудтай байгуулсан гадаад худалдаа, гааль, тарифын онцгой хөнгөлөлтийн гэрээ хэлэлцээрийн  давуу талыг ашиглан  бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

“Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийг  дэмжих замаар гадаад орнуудын инноваци,  өндөр технологийг  нутагшуулах, чөлөөт бүсээ экспортын чиг баримжаатай бүс болгон хөгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах шинэ боломжуудыг бий болгохын төлөө хичээн ажиллах болно.

Чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжин, өнөөг хүртэл хамтран ажиллаж ирсэн байгууллага, хөрөнгө оруулагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд, Евро-Азийг холбосон газарзүйн  болоод худалдааны  гол цэгт байрлах  “Замын-Үүд”  чөлөөт бүсийг  Монгол улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах, олон улсын жишигт нийцсэн “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болгон хөгжүүлэх түүхэн үеийг хамтран бүтээхээр зорьсон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад  манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

 

Хүндэтгэсэн,

“Замын-Үүд”  Чөлөөт  Бүсийн   Захирагч                                      А.Энхзул