Б.Сэргэлэн: “Замын-Үүд” чөлөөт бүс гацаанаасаа гарах цаг болсон…

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гурван чөлөөт бүс байдаг.  “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур гэсэн. Сүүлийн жилүүдэд эдгээр чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, хууль эрх зүйн орчин бүрдсэн. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэнтэй чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хийгдсэн томоохон бүтээн байгууулалтууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын  талаар ярилцлаа.

-Сайн байна уу та? Ярилцлагаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн  байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудаас эхэлье…

Сайн байна уу?  Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Замын-Үүд” чөлөөт бүсийн хувьд  БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2 км, БНХАУ-ын Эрээн хотоос 5 км зайд байрладаг тусгай бүс юм. Манай уншигчид чөлөөт бүс гэхээр  чухам юу байдгийг бүрэн сайн ойлгож дэмждэггүй харагддаг. Угтаа бол “Чөлөөт бүс” гэдэг нь аливаа улс өөрийн орны газарзүйн байршил, түүхий эдийн нөөц боломжид тулгуурлан татварын хөнгөлөлт чөлөөлөлт урамшуулалын систем бүхий, зөвхөн тухайн газар нутагт үйлчлэх тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэрийг хэлдэг. “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлбэл 40 мянган хүн ажлын байртай болно гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ нь дан ганц бүс тэр чигээрээ хөгжихгүй Дорноговь аймаг болон Замын-Үүд сумтайгаа давхар хөгжөөд явна гэсэн үг юм.

Дэлхийн  147 оронд  5000 гаруй  чөлөөт үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад энэ улс орнууд чөлөөт бүсийг бий болгоод хөгжүүлээд байгаа юм вэ? Ердөө л улс орны эдийн засгийн эргэлтийг сайжруулах хөрөнгө оруулалт татах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Бид ч бас ийм зорилт тээн үйл ажиллагаагаа явуулж байна.  Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсэд Монгол улс,  БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая долларын хөнгөлөлттэй зээлээр  дэд бүтцийн 4 багц ажил  хийгдсэн байна.  Тодруулж хэлбэл  чөлөөт бүсийн эхний ээлжийн хатуу хучилттай 13,5 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын сувагчлалын ажил, Замын-Үүд” суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд дулаан дамжуулах  5 төв,  Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 төвийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулсан байна. Мөн  Замын-Үүд болон  Замын-Үүд чөлөөт бүсийг цэвэр усаар хангах 500м3 багтаамжтай усны танк дөрвөн ширхэг, чөлөөт бүсэд байрлах 1600м3 цэвэр усны өргөтгөлийн станц,  хоногт 3040 мхүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламжийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулсан.  Замын-Үүд сумын 110/10кВ-ийн дэд станцыг өргөтгөж “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2×16 мВт хүчин чадалтай дэд өртөө, 10/04 кВ-ын 16 дэд өртөө, 10 кВ-ын 2  хувиарлах байгууламж барьж байгуулсан байна. Мөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд маань  бүтээн байгуулалтаа  эхлүүлээд байна.

Замын-Үүд боомтыг өргөтгөх, шинэчилэх ажил хийгдэж байгаатай  холбогдуулан  тус боомтын зорчигч тээврийн урсгалыг “Замын-Үүд” чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр “Замын-Үүд” чөлөөт бүс нь үйл ажиллагаанд ороход мэргэжлийн байгууллагуудын ажиллах нөхцөл, боломж,  ачаа тээврийг нэвтрүүлэх бэлтгэл зохион байгуулалт  үндсэндээ хангагдсан байна гэсэн үг юм. Замын-Үүд боомтоор зорчигч ачаа тээвэр нэвтрүүлэхэд үзүүлдэг бүхий л төрийн байгууллагуудын үйлчилгээг чөлөөт бүс дээр үзүүлж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

-“Замын-Үүд” чөлөөт бүс БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар яригдаж байгаа. Энэ талаар…

Анх 2014 оноос эхлэн  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор төрийн тэргүүнүүдийн удаа дараагийн уулзалтаар  эдийн засгийн коридор байгуулах, хил дамнасан чөлөөт бүс байгуулах  тухай судлахаар харилцан тохиролцсон байдаг.   Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан бол, “Чөлөөт бүсийн тухай” хуулиар Засгийн газар хоорондын  гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг зохицуулсан байгаа.  Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг нилээн хэдэн жил судалж, хоёр талын удаа дараагийн уулзалтын үр дүнд  саналаа нэгтгэж  2019 онд Монгол, Хятадын Засгийн газрын гишүүд баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг. Одоо тус хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах ажил хүлээгдэж байна.

-“Замын-үүд” чөлөөт бүсийн хувьд цаашид хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаас дурьвал…

Манай байгууллагын хувьд одоогоор  “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах, Монгол Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар , БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулах,  “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын үйл ажиллагаанд оруулах зэрэг төлөвлөгдсөн ажлууд их байгаа. “Замын-Үүд” бүс маань нь Евро-Азийг  холбосон газарзүйн гол зангилаа цэг  дээр оршдог бөгөөд ОХУ болон Европын улс орнуудад хүргэгдэх ачаа тээврийг  Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулж нэвтрүүлснээр эдийн засгийн коридорын гол зангилаа, урсгал бий болгож чөлөөт бүсүүд хамтдаа хөгжих боломжийг нээх юм.

Дээрх хуулийн төслүүд хүчин төгөлдөр болсноор ямар давуу тал бий болох вэ?

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон  баталснаар Чөлөөт бүсийн үйл ажиллагаа, аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжихээс гадна  олон улсуудын туршлагаар эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд ажлын байр олноор бий болох өндөр техник технологи, инноваци нутагших, экспортод чиглэсэн бараа, ажил үйлчилгээг бий болгох гээд олон талын өгөөж авч ирэх эдийн засгийн хамтарсан бүс байгуулагдах юм.

Хамгийн гол нь “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээн, байнгын үйл ажиллагаанд оруулснаар  эдгээр аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж,  үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна. Тиймээс төр засгийн шийдвэр, сум орон нутаг, аж ахуй нэгжүүд, иргэдийн ойлголт,  хамтын ажиллагаа маш чухал байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна” гэсэн заалтууд тусгагдсан. Энэ ч утгаараа чөлөөт бүсийн үйл ажиллагаа өмнөх жилүүдээс  идэвхжинэ гэдэгт итгэлтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний чөлөөт бүсийг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье.

Б.Отгон