Монгол Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин авах $50.7 саяын санхүүжилтийг Дэлхийн банк баталжээ

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг /2021.02.11/ баталсан байна. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм.

Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий арга хэмжээг 2020 оны эхнээс авч хэрэгжүүлж ирсэн билээ. Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа юм.

Нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-аас доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, КОВИД-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлүүдийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлээр болжээ.

 

Эх сурвалж: Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар