“Олон улсын шилдэг туршлагууд ба Эдийн засгийн тусгай бүсүүдийн практик сургамж” сэдэвт цахим сургалт боллоо

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанд  хэрэгжиж  буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/   “Мэдлэг хуваалцах сургалт”-ын хоёрдахь удаагийн цахим сургалтыг  “Олон улсын шилдэг туршлагууд ба ЭЗТБ-ийн практик сургамж”  гэсэн сэдвийн хүрээнд  /2021.03.31/ зохион байгууллаа. Энэ удаагийн цахим сургалтад төслийн удирдах хорооны гишүүд, ШСАА-ны алба хаагчид, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн  Захирагчийн Ажлын албаныхан болон  холбогдох төр болон хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөгчид  хамрагдаж мэдээлэл  авлаа.

Тус сургалтаар  “ЭЗТБ-ийн амжилт, алдааг тодорхойлох хүчин зүйлс:БНХАУ, Энэтхэг болон Төв Азийн бусад орнуудын туршлага”, “Филиппин улсын кейс судалгаа: ЭЗТБ-ийн нэг цэгийн үйлчилгээ ба дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэх үүрэг” гэсэн сэдвүүдээр танилцуулга хийгдэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Сургалтын үеэр илтгэгчид “Эдийн засгийн тусгай бүсүүд яг ямар зорилгоор хөгжих чиглэлээ зөв тодорхойлох нь маш чухал. Хэт олон зорилт тавьж хэрэгжүүлэхээр тусгагдсан бол хоорондоо зөрчилдөх магадлалтай байдаг. Хятад улсад эхлээд “Хятадад үйлдвэрлэе” гэсэн уриатай хөгжүүлж байсан бол одоо “Инновацийг хөгжүүлье” гэдэг ганц зорилт тавьдаг болсон. Мөн эдийн засгийн тусгай бүсийг бий болгох гэж зорьж байгаа бол тухайн улс газар нутгийнхаа байршлын онцлогыг харгалзан үзэх хэрэгтэй. Бүсээ хөгжүүлэх бол маш сайн менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй”  хэмээн онцлов.  

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА