1.Чөлөөт бүс гэж юу вэ?

“Чөлөөт бүс” гэдэг нь аливаа улс өөрийн орны газарзүйн байршил, түүхий эдийн нөөц боломжид тулгуурлан татварын хөнгөлөлт чөлөөлөлт урамшуулалын систем бүхий, зөвхөн тухайн газар нутагт үйлчлэх тусгай бүсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл Тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ.

2.Чөлөөт бүсийг ямар зорилгоор байгуулдаг вэ?

Чөлөөт бүс байгуулах зорилго нь тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд чөлөөт бүсэд  газар эзэмших, ашиглах эрхийг ямар хэлбэрээр  авдаг вэ?

Чөлөөт бүс доторх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг Чөлөөт бүсийн Захирагч гаргаж, түүний ажлын алба газар эзэмшигч, газар ашиглагчтай гэрээ байгуулах бөгөөд уг шийдвэрт эзэмших, ашиглах газрын хэмжээ, хугацааг тусгасан байдаг ба газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг сонгон олгодог.

4.Чөлөөт бүсэд газрын төлбөр төлдөг үү?

Чөлөөт бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын суурь үнэлгээ болон газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтоодог.

Газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг авдаг. Хуулийн дагуу төлбөрөө төлж эрхээ баталгаажуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд  жил болгон төлбөр төлөх бөгөөд хуулинд заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг эдлэнэ.

5.Чөлөөт бүс нь Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байж болох уу?

Чөлөөт бүс нь хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, сурталчлах зорилго бүхий хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байж болно.