
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЦАХИМ ХУУДСААР ЗОЧИЛЖ БУЙ ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Монгол Улсын өмнөд хилийн стратегийн чухал бүс нутагт орших “Замын-Үүд” чөлөөт бүсийг Монгол Улсын Их Хурлын 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 900 га газрыг хамруулан байгуулах шийдвэр гаргаж, улмаар өнөөдрийг хүртэл “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод, тогтвортой орчинг бий болгохыг эрхэм зорилгоо болгон үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилтуудыг бодит ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд 2015 онд УИХ-аас “Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, 2021 онд “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг батлан гаргаж, мөн онд Монгол Улсын Их Хурлаар “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон баталсан.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хятадын талтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хамтдаа анхдагч “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС”-ийг Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, засгийн харилцааны жишиг загвар бүс болгон хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд “Замын-Үүд” чөлөөт бүсэд Монгол Улсын Засгийн газар /8,8 сая ам.доллар/, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл /50,0 сая ам.доллар/-ийн нийт 58.8 сая ам.долларын санхүүжилтээр бүхий “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төсөл хэрэгжиж авто зам, холбоо дохиолол, дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамжийн нэгдүгээр хэлхээний дэд бүтцийн ажлууд хийгдэж, улмаар эдүгээ дэд бүтцийн хоёрдугаар хэлхээний ажлуудыг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын санхүүжилтээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлж байна.
Түүнчлэн манай байгууллагын зүгээс иргэд, ААНБ, хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаагаа явуулах, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх таатай орчин нөхцлийг бий болгох үүднээс чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, үйлчилгээний чанарыг шат дараатайгаар шинэчлэн сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, шуурхай, нэг цэгийн үйлчилгээ бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Евро-Азийг холбосон газарзүйн болоод худалдааны гол цэгт байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийг Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах, олон улсын жишигт нийцсэн “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС” болгон хөгжүүлэх түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцэх иргэд, ААНБ, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байж, нягт хамтран ажиллах болно.
Энэхүү дашрамд “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжин, өнөөг хүртэл хамтран ажиллаж ирсэн иргэд, ААНБ, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчиддаа гүн талархал илэрхийлж, Та бүхний бизнес улам бүр өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Отгонсайхан
Хаяг, утасны дугаар:
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651264310