Монгол Улсын засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Эрчим хүчний, Төрийн бүтээмжийн, Аж үйлдвэрийн, Хот хөдөөгийн, Боомтын, Ногоон хөгжлийн сэргэлт гэсэн үндсэн 6 агуулгын хүрээнд урьдчилсан хэлэлцүүлгүүд хийгдэж байгаа юм.
Өнөөдрийн хувьд /2022.03.28/ “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлт” гэсэн агуулгын хүрээнд “Боомтын Шинэчлэл”, “Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал”, “Хилийн боомтуудыг дэд бүтцээр холбох, тээврийн коридоруудын үр ашгийг дээшлүүлэх нь”, “Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хийгдлээ.
“Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал” хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт боомтууд болон олон улсын чөлөөт бүс, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.
Мөн хэлэлцүүлгийн шууд хөтөлбөрийн зочин, панелистаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул оролцож, чөлөөт бүсийн талаарх товч мэдээллийг иргэдэд хүргэлээ. Тэрээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудал зөвхөн Монгол Улсын асуудал биш хоёр улсын засгийн газрын асуудал. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Монгол Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлуулсан. Уг хэлэлцээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Хэлэлцээрийг эрчимжүүлэх чиглэлээр ажлууд хийгдээд явж байна. Ирэх 06 дугаар сард хэлэлцээрийн дагуу хоёр талын зөвлөлүүд уулзалт хийхээр бэлтгэл ажлуудыг хангаж байгаа. Уг уулзалтаар хилийн цэгийг холбох гэх мэтчилэн бодлогын асуудлууд яригдана. Түүнчлэн жолоочгүй тээвэр, хүнд даацын авто зам, төмөр замын хийгдэхээр байгаа. Төмөр замын хувьд “Замын-Үүд” чөлөөт бүс дээр төсөв тавигдаагүй. Бид төмөр замаа Төр-Хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах ажлыг төлөвлөсөн. Энэ мэтчилэн “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байгаа” хэмээн дурдлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд панелистууд “Боомтууд болон эдийн засгийн чөлөөт бүсийн уялдаа холбоо, чөлөөт бүсүүдийг хурдан бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эдийн засгийн эргэлтэд оруулах, хөгжлийн алдаа, дутагдал, одоо ямар зүйл дээр анхаарч ажиллах талаар хэлэлцэж “Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг Монгол Улсад бий болж буй чөлөөт бүсүүдийн сайн жишээ. Уг жишээн дээр суурилан алдаа оноо, хөгжлийн түвшинг нь түшиглэн бусад чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх боломжтой талаар онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА