Улаанбаатар түншлэл үзэсгэлэн 40 нас хүрлээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улс Европын холбоо болон Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийг дотоодын аж ахуйн нэгжүүд бүрэн ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Магадгүй томоохон орнуудын тогтсон стандарт шаардлагад манай аж ахуйн нэгж, компаниуд нийцэхгүй гологдоод байна уу. Хөрш орнуудын томоохон компаниудтай хамтрах байдлаар хэлэлцээрийг ашиглая гэвэл ямар гарц байна вэ?
-Монгол Улс 7,200 нэрт төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр Европын холбооны улсуудад экспортод гаргах хөнгөлөлт эдэлдэг. Гэвч өнөөдөр энэ боломжийг тэр бүр ашиглаж чадахгүй байна. Үүний хамгийн гол шалтгаан нь эдгээр нэр төрлийн бараа бүтээгдэхүүний олонх нь манайд үйлдвэрлэгддэггүй. Тэгэхээр энэ боломжийн ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах нь бидний зорилт юм. Ялангуяа энэхүү хөнгөлөлтийн давуу талыг бусад хөрөнгө оруулагчдад мэдрүүлэх нь чухал байна.
Хэрэв манайд тухайн бүтээгдэхүүнийг хийх технологи нь дутаж байгаа бол аль оронд технологи, техник нь байна, тэнд ийм боломж байна шүү гэдгийг танин мэдүүлж, тэдэнтэй хамтран ажиллах гарцыг нээх юм. Өнөөдөр бидэнд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой сайн чанарын бүгээгдэхүүн байвал Европын холбооны 28 орон нээлттэй байна. Нөгөө талаас Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Японы зах зээл өндөр босготой.
Тиймээс шаардлага өндөр энэхүү хоёр зах зээл рүү манайх бүтээгдэхүүнээ гаргачхаад, дэлхийн зах зээл нээлттэй байна гэдэг мессежийг бусад хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Одоогийн байдлаар манай орноос Европын холбооны улсуудад гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг харвал маш цөөхөн. Ноос ноолуур, гар урлалын хэдэн бүтээгдэхүүн л байна. Тэгэхээр бид юунд илүү анхаарах, өөр ямар нөөц бололцоо байна гэдгээ л судлах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлчихсэн.
-Таны бодлоор бидэнд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах ямар боломж байна вэ?
-Ноос ноолуур, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдүүдээ боловсруулан өөр ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өндөр стандартын хэмжээнд үйлдвэрлэх вэ гэдэгт илүү анхаарч ажиллавал боломж бий. Ялангуяа, инновацийн шинэ ололтуудыг үйлдвэрлэлд түлхүү нэвтрүүлэх шаардлагатай. Гэхдээ нэг үеэ бодвол өдрөөс өдөрт шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг болж. Харин одоо үйлдвэрлэгч нарт итгэлтэй түнш, зөв хамтын ажиллагаа л чухал байна.
Тухайлбал, чацарганын тос, шүүс бусад жимс жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүнийг гадны орныхон өндрөөр үнэлж байна. Нөгөөтээгүүр, махны асуудал. Манай улс олон жил махаа экспортод гаргах талаар ярилаа. Гэвч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, гарал үүсэл нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар хойш тавигдсаар өдийг хүрлээ. Учир нь өнөөдөр дэлхий даяараа хүнсний эрүүл ахуй, хүн амын эрүүл мэндийн асуудалд анхаарлаа түлхүү хандуулж байна. Тиймээс манай улс ойрын хугацаанд малаа эрүүлжүүлэхэд бусад орны хүрсэн түвшний эрүүл ахуйн гэхдээ махандаа нөлөөлдөггүй сайн чанарын вакцинуудыг гаргачихсан байгаа орны дэвшилттэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх цаг нь болжээ.
Мал эрүүлжвэл дагаад арьс, ширний өвчлөлийн асуудалгүй болно. Ганцхан жишээ дурдахад, Куба Улс энэ бүх асуудлаа шийдчихсэн байна. Хачигтай тэмцдэг малын вакциныг гаргаж амжилттай ашиглаж байна. Тиймээс манай улс яагаад энэ технологийг нь хэрэгжүүлж болохгүй гэж. Бидэнд боломж байна. Дэлхий даяараа хөрөнгө мөнгөө гаргаад туршчихсан бэлэн технологийг зүгээр л нутагшуулах шаардлагатай байгаа юм. Бидэнд тулгарч байгаа бас нэг бэрхшээл бол лабораторийн асуудал.
Өнөөдөр тухайн бүтээгдэхүүний чанарыг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, худалдан авагчдад хүргэх ёстой. Нэг үгээр хэлбэл, шинжлүүлж байж чанарыг тодорхойлж зах зээлд нэвтрүүлэх боломжтой болдог. Тэгэхээр бид эхний ээлжинд лабораториудын талаарх судалгаа хийх хэрэгтэй байна.
-Яг энэ өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай оронд айлчилж байна. Үүнтэй холбогдуулаад хоёр орны худалдаа, бизнесийн салбарт ямар ахиц дэвшил, гарав?
-Энэ өдрүүдэд хоёр орны эдийн засгийн харилцаанд чухал үйл явдлууд болж байна. Манай улсын гол чиг хандлага бол гадаад харилцаагаа эдийн засагжуулах явдал юм. Тэгэхээр энд зөвхөн улс орнуудын дипломат харилцааг хөгжүүлж, сайн хөршийн, сайн түншийн харилцаанаас гадна худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа чухал гэж бодож байна. Учир нь манай улс хоёр хөрштэйгөө худалдаа, экспорт, импортын тал дээр хамтран ажиллахад тодорхой хэмжээний саад тотгорууд байсаар буй юм. Тэгэхээр энэ тал дээр ахиц гараасай гэж хүсч, хүлээж байна. Бид өнөөдөр БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалгаа хийж эхэлж байна.
Энэ ажлаа ойрын хугацаанд нааштай шийдвэрлүүлбэл таатай байх болно. Учир нь ноос, ноолуураа экспортлоход хоёр хөршид 40 гаруй хувийн татвар төлдөг. Энд ямар ашиг гарах вэ. Тээврийн зардлын хувьд ойрхон гээд төмөр замаар гаргах боломж байлаа ч хорио цээрийн асуудал хөндөгддөг. Мөн тарифын болон тарифын бус саадыг арилгах, гол худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрүүдээ хамгийн түрүүнд хийгээсэй гэж бодож байна. Мөн гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах зайлшгүй хэрэгтэй байна.
Учир нь гадаад худалдаа эрхлэгчид мэргэжлийн хяналтын байгууллагаас болон холбогдох яам, агентлаг гээд нийт 11 байгууллага дамжиж найман бичиг баримт авдаг. Өнөөдөр хотын түгжрэл, их цаг зав зарцуулдаг эдгээр бэрхшээлийг даван туулахын тулд нэг цэгээс энэ үйлчилгээг авах механизмыг ойрын хугацаанд бий болгох шаардлага байгаа юм. Хоёрдугаарт, Танхим дээрээ бид мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулахаар зэхэж байна.
Гэхдээ энэ нь зөвхөн Монголын бус гадны улсуудыг мэдээллээр нэг дороос хангадаг байхаар ажиллана. Тухайлбал, Гүрж Улсын туршлагыг энд дурдаж болно. Тус улс бүх бичиг баримтаа хүний оролцоогүй болгоод, мэдээллийн технологи ашиглан онлайн болгочихсон. Ингэснээрээ бичиг баримт бүрдүүлэлтийн явцад байсан авлигыг устгасан.
-МҮХАҮТ-аас хавар, намар буюу жилдээ хоёр удаа дотоодын томоохон үзэсгэлэн зохион байгуулдаг. Намрын уламжлалт “Улаанбаатар түншлэл-2018” үзэсгэлэн хэдхэн хоногийн дараа болно. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?
-43 жилийн турш Улаанбаатар түншлэл үзэсгэлэнг Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн онцлог нь Ази Номхон далайн орнуудын танхимуудын холбооны Ерөнхийлөгчийн айлчлал, бизнес форум үзэсгэлэнгийн үеэр манай улсад болно. Үзэсгэлэнд Ази Номхон далайн танхимуудын холбооны тусгай павильон гарна. Хамгийн гол нь бүс нутгийн хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх үү, манай улсад ямар боломж байгаа гээд олон асуудлаар хэлэлцэх болно.
Тус холбоо нь шангаа татаад 52 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа буурал түүхтэй. Манай улсын хувьд, энэхүү нэр хүндтэй холбооны шагналуудыг удаа дараа авч байсан. Манай танхим улсынхаа 21 аймагт салбар танхимтай. Хамгийн сүүлд Өвөрхангай, Сэлэнгийн салбар танхимууд шилдэг танхимуудаар шалгарсан.
-“Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнд амжилттай оролцсон, шагнал хүртсэн ААН-үүдэд цаашид ямар давуу боломж, бизнесийн гарц суваг нээгдэх вэ?
-Шинэлэг инновацитай, хэрэглэгчдийн таашаалыг хамгийн их хүртсэн гэх мэт бүтээгдэхүүнийг олон номинациар шалгаруулдаг. Тэр дундаа хамгийн их шилдэг бүтээгдэхүүнээ сурталчилж идэвхтэй оролцож байгаа компани нь Гранпри авдаг. Шагнал авч байна гэдэг нь уг бүтээгдэхүүний цаашдынх нь үйлдвэрлэл, зах зээлд гарахад ихээхэн нөлөөлдөг. Учир нь шагналтай бүтээгдэхүүн гэдэг зүгээр нэг сонгоод авчхаагүй мэргэжлийн байгууллагууд тал талаас нь үнэлэмж өгч, комисс шалгаруулдаг.
Тэр утгаараа маш нэр хүндтэй болдог. Нөгөө талаас энэ компанийн маркетинг, гадны зах зээлд гаргах гэж байгаа бол тухайн бүтээгдэхүүн нь хэдэн удаа үзэсгэлэнгийн шагнал авч байсан гэдэг босготой байдаг. Танхимаас жилд хоёр удаа олон улсын чанартай үзэсгэлэн зохион байгуулдаг. Нэг нь жижиг дунд үйлдвэрлэл, нөгөө нь энэ удаагийн Түншлэл үзэсгэлэн юм. Эдгээр үзэсгэлэн олон улсын статустай учир шалгарсан бүтээгдэхүүний нэр хүнд өсдөг.
Цаашид шалгарсан бүтээгдэхүүнийг танхимынхаа бүхий л сувгаар дамжуулж, гадагшаа гаргах боломж нээгддэг давуу талтай. Мөн тухайн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд ганц удаа дэлгээд өнгөрөх биш сав баглаа боодлыг нь хүртэл сайжруулах тэр чиглэлээр нь ямар сургалтуудыг бизнес эрхлэгчтэй хийх вэ гэдэг цаашдын үйл ажиллагааны дүр зураг гарч ирдэг.
-Ази Номхон далайн Худалдаа аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч манай улсад айлчлах нь. Энэ үеэр Монголд уг холбооны нэгдсэн хуралдаан болох юм байна. Энэхүү холбооны талаар болон хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Тус холбоо нь 1966 онд Тайней хотод Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын танхимуудын санаачилгаар байгуулагдсан. Манай танхим 2002 онд энэ холбоонд гишүүнээр элссэн. Гишүүнээр элссэнээсээ хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, жил болгоны хурал, бизнес уулзалтад нь монголын бизнес эрхлэгчдийг хамруулах түнштэй болгох асуудал дээр идэвхийлэн оролцсоор байна. Танхим нь бодлогын өмгөөлөл бизнесийг дэмжин урамшуулах гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Олон улсын танхимын гишүүний хувьд тухайн оронд байгаа танхим бол олон улсын байгууллага гэж тооцогддог. Яагаад гэвэл үйл ажиллагаа явуулж байгаа стандарт нь олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын стандартад нийцдэг. Тиймээс бид тус танхимын гишүүний хувьд Монголд олон улсын танхимыг төлөөлж байна гэсэн үг.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр гарчихлаа. Энэ шийдвэр бизнес эрхлэгчид, ажил олгогчдод хэрхэн нөлөөлөх бол. Ялангуяа жижиг дунд, бизнес эрхлэгчид энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснийг эерэг талаас нь харвал манай төсвийн байдал.алдагдал нь гайгүй болж байгаа юм болов уу. Гэхдээ л ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад жилд хоёр удаа ирж, эдийн засгийн байдалтай танилцан үйл ажиллагааг нь хянаж, заавар зөвлөгөө өгсөөр байна. Танай улсын төсвийн гол бүрдүүлэгч, татвар төлөгч нь хувийн хэвшлийнхэн юм. Тэд ямар ч үед татвараа төлж, бэрхшээл зовлонг туучин байж олон хүний амьдралыг залгуулдаг.
Тиймээс татвар төлөгчдийн хөлс шингэсэн мөнгийг төр засаг хянамгай, зөв зарцуулах хэрэгтэй гэж үздэг. Гэвч энэ байдалд хэн хяналт тавих ёстой вэ гэсэн асуудал эзэнгүй үлдээд байгаа юм. Цаашлаад, төрийн албан хаагчдын тоог бууруулах саналыг танхимаас удаа дараа тавьсан. Мөн татварын асуудлаар ч тодорхой саналуудыг төр засагт хүргээд байна. Саяхан 2019 оноос 173 мянган төрийн албан хаагчийн цалинг 8-33 хувиар нэмэхээр боллоо.
Яахав, цалингаа нэмүүлэх бүлэг маань бүгдээрээ монгол хүмүүс. Тэд сайн сайхан амьдрах эрхтэй. Ард түмэн баян бол улс баян гэдэг. Энэ утгаараа бага цалинтай байгаа салбарын хүмүүст цалинг нь нэмээд өгчихлөө гээд эсэргүүцэх хандлага байх нь зохисгүй юм. Гэхдээ тэр хүмүүст бүтээмжид нь суурилсан цалинг нь өгөөсэй гэж бодож байна.
Тэгэхээр энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, хувийн хэвшилд мэргэжилтэй боловсон хүчин үнэхээр дутмаг байна. Ажил олдохгүй байна гэж манайхан их ярьдаг. Үнэн хэрэгтээ төрд үр бүтээлгүй цалин авч байгаа хүмүүсийн тоо нь багасаад мэргэжилтэй боловсон хүчин хувийн хэвшилд ирж ажиллавал бүтээмж сайжирч татварын хэмжээ нэмэгдэнэ.
-Саяхан Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гурван талт уулзалт боллоо. Ямар асуудал яригдав?
–Уулзалт ӨМӨЗО-ны Эрээн хотод энэ сарын 17-19-нд буюу арав дахь жилдээ боллоо. Уулзалтыг анх Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Оросын талаас Буриадын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо болон Худалдааны танхим санаачилж зохион байгуулж байсан. Харин өдгөө цар хүрээ нь өргөжин, гурван орны төр засгийн хэмжээнд хүрээд байна.
Зүй нь манай гурван орны Төрийн тэргүүнүүд удаа дараагийн уулзалтуудаар гурван орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засгийн коридорыг хөгжүүлэх санаачилгыг гаргасан. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэгч нь бизнес эрхлэгчид юм. Хуралдааны гол сэдэв нь эдийн-засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийн болон хөрөнгө оруулалтын төслүүд дээр хэрхэн хамтран ажиллахад анхаарлаа хандуулах тухай байв.
-Эдийн засгийн коридор бий болгох гэсэн санааг бид нэлээд эртнээс ярьсан. Харамсалтай нь, энэ чиглэлд ямар ажил эхэлсэн нь олон нийтэд тодорхой биш байна. Эдийн засгийн коридор бий болгох тухайд юу яригдав?
-Худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгдсэн. Эдийн засгийн коридорыг цогцлооход Танхимууд хэрхэн бизнесүүдээ дэмжих, ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ ярилцсан. Мөн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагаа, бүсийн хөгжлийн тухай ярилаа. Энэ нь манай улсын хувьд маш өндөр ач холбогдолтой салбар гэж бид үзэж байгаа. Учир нь манай орон тээвэр ложистик, олон улсын эдийн засгийн чөлөөт бүсийн талаар удаан хугацаанд ярьсан.
Өнөөдрийн байдлаар Аптанбулагийн чөлөөт бүс л бүрэн бус хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Гэвч төрөөс оруулсан хөрөнгө оруулалт нь дутмаг, дэд бүтэц нь дулимаг байдалтай байсаар л байна. Мөн Замын-Үүд, Цагаан нуурын чөлөөт бүсийн ажил “түүхийгээрээ” байна. Харин БНХАУ-ын зүгээс Эрээний чөлөөт бүс байгуулан ажиллаж эхэллээ. Тиймээс энэхүү бүсийг Замын-Үүдтэй хэрхэн холбож, ямар уялдаатай ажиллуулах вэ гэдэг асуудал анхаарлын төвд байна.
Сүүлийн үед Засгийн газраас Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх тал дээр тодорхой шийдвэрүүд гаргасан. Тухайлбал, чуулга уулзалтын үеэр Шадар сайдын ажлын албанаас Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн байгаа. Харин гурав дахь салбар хуралдаан нь тусгай үйлдвэрлэлийн тухай байлаа.
-Тусгай үйлдвэрлэлийн салбар гэдгийг тодруулна уу?
-Мод, модон эдлэл, үр тариа, ургамлын тос, ноос ноолуур буюу хөдөө аж ахуйн салбар юм. Энэ чиглэлээр манай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөллүүд хариуцан оролцсон. Тухайлбал, Монгол Улсаас хөдөө аж ахуйн чиглэлээр, малын гаралтай болон газар тариалангийн боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортод гаргах, мөн хөрөнгө оруулалт татвал бидэнд ямар боломж байна гэдгийг ярилцсан.
Энэ үеэр аялал жуулчлалын салбараа орхигдуулж болохгүй учраас Эрээн-Улаанбаатар хоорондын аялал болон манай хил дагуу аймаг хоорондын аяллыг хөгжүүлэх тал дээр түлхүү ярилцлаа,
-Энэ үеэр манай улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтын ажил яригдав уу?
-Нийт 8.2 тэрбум юанийн өртөгтэй 11 санамж бичиг үзэглэсэн. Үүнээс хоёр санамж бичиг нь манай аялал жуулчлалын салбартай хамаатай. Тодруулбал, “Монголын аялал жуулчлалын холбоо” нь Эрээн хотын “Аялал жуулчлалын холбоо”-ны хамтын ажиллагааны төсөлд хөрөнгө оруулах мөн “Монголын аялал жуулчлалын холбоо” нь урд хөршийн аялал жуулчлалын холбооны цахим мэдээллийн хуудастай хамтын ажиллагааны төсөлд хөрөнгө оруулах гэрээ хийсэн.
Ингэснээр манай орон руу чиглэсэн жуулчдын хөдөлгөөн нэмэгдэнэ. Бидний хувьд, эдийн засгаа сэргээх чухал гарц нь хятад жуулчдын тоог нэмэх юм. Учир нь урд хөршид хэдэн тэрбум хүн жуулчилдаг. Энэ том зах зээлээс ганц хувь ч хүрэхгүй жуулчдыг хүлээн авахад л манайд орж ирэх хөрөнгө оруулалт эдийн засагт өндрөөр үнэлэгдэнэ. Тэгэхээр энэ чиглэлд түлхүү анхаарах нь зүйтэй юм.
Эх сурвалж: www.ikon.mn
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА