-Гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол-БНХАУ-ОХУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг Ташкентад баталлаа-
Шинэ зууны Монголын гадаад бодлогын түүхэнд гурван талт уулзалт гэдэг нэр томъёо гарч ирээд удаагүй байна. Дэлхийн улс орнуудын хоорондын харилцааны түүхэнд хоёр талын уулзалт зонхилдог бөгөөд гурван талт уулзалтын жишээ тийм ч олон биш. Хувь заяагаар хаяа дэрлэн оршдог Монгол-Орос-Хятад улс гурван талт уулзалтыг хийж байсан түүхэн баримт өнгөрсөн зуунд бий. Эдгээр уулзалтын утга агуулга, мөн чанар, үр дүнг түүхчид улс орныхоо эрх ашгийн өнцгөөс тайлбарлаж, бичиж үлдээсэн нь бишгүй. Тухайн үеийн дэлхийн улс орнуудын хүчний харилцаа тэнцвэргүй, ээдрээтэй нөхцөл байдалд байсныг давхар бодолцох учиртай.
Харин энэ зуун гарсаар дэлхий нийтийн дэглэм өөрчлөгдөж, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улс орнуудын хоорондын харилцааг тодорхойлох гол хүчин зүйл боллоо. Эдийн засгийн интеграцад орж чадаагүй улс эдүгээ ухаалаг утастнуудын дундах ухаалаг бус утастан мэт харагдах болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар гурван жилийн өмнө анх зохиогдсон Монгол-БНХАУ-ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын хэтийн зорилгын нэгээхэн хэсэг нь чухамхүү дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн эдийн засгийн гол өнгийг тодорхойлогч хоёр их хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллахад чиглэж байсан юм.
Бид санал тавин уулзалтад урих нэг хэрэг, харин үүнийг ажил хэрэг болгон үр дүнд хүргэнэ гэдэг амар байгаагүй. Бидний урьсан зоргоор ирээд уулзаад яриад явчихгүй. Чухам иймээс л Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн жил бүрийн дээд хэмжээний уулзалтыг ашиглах нь монголчуудад хамгийн оновчтой, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй хувилбар байсан. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол улс 2004 оноос ажиглагчийн статустай явж ирсэн. Өөрийн улсын нутаг дэвсгэрт биш, өөр улсад дипломатын ийм өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь монголчуудад амар байгаагүй. Тэр тусмаа эхний болон энэ удаагийн гурав дахь уулзалт Монголын ЭСЯ байдаггүй улс оронд болсон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам болоод бусад яам, агентлагийн ажилтнуудын хувьд илүү ачаалалтай байсан нь ойлгомжтой.
2014 онд Тажикийн Душанбед, 2015 онд ОХУ-ын Уфад зохиогдсон Монгол-БНХАУ-ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын эхний үр дүн Узбекийн Ташкентад гарлаа. Ташкентад гурван баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан ч нэг баримт бичгийг ойрын хугацаанд зурахаар хойшлууллаа. Юун түрүүн гурван улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан нь түүхэн гэж хэлж болох амжилт юм. Мөн Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Харин дамжин өнгөрх тээврийн асуудлыг энэ удаадаа хойшлууллаа. Энэ асуудлаар зарчмын хувьд тохиролцсон гэдгийг холбогдох эх сурвалж өгч байгаа юм.
Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг Монголын тал уулзалтын үеэр дэвшүүлсэн. Мөн дараагийн уулзалтыг Улаанбаатар хотод хийх саналыг тавьж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
Эелдэг зочломтгой, нарлаг сайхан Узбек орны нийслэл Ташкент ийнхүү Монголын хөгжлийн түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн газар болон тэмдэглэгдэн үлдлээ.
Энэ уулзалтын үеэр товлосон хугацаанаасаа нэлээн хоцорч ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Хятадын хөнгөлттэй зээлээр Эгийн голд барих усан цахилгаан станцын талаарх хэлсэн үгийг Оросын болон гадаадын хэвлэлүүд өлгөн авч бичлээ. Эгийн голд усан цахилгаан станц барих төсөл нь Монгол улсын хойхон талд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршдог Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй хэмээн санаа зовинож байгаагаа В.Путин илэрхийлээд “энэ асуудлыг Хятадын болон Монголын талтай судалж үзэх хүсэлтэй байна, хэрвээ шаардлагатай гэвэл Монгол улсад нийлүүлэх эрчим хүчээ нэмэгдүүлж болно” хэмээн хэлсэн юм.
Узбек, Ташкент хот
Sources:news.mn