Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар тогтоолын дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүллээ.“Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх арга хэмжээг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан /2021.08.14/ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд оролцож үг хэлэв. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дарга нар чөлөөт бүсийн үйл ажиллагаатай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг, цаашид хэрхэн ажиллах талаараа мэдээлэл хүргэлээ. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Анх 2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа буюу өнөөдөр ийнхүү чөлөөт бүсийнхээ үүд хаалгыг албан ёсоор нээж байна. “Замын-Үүд” чөлөөт бүс нь бусад бүстэй харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн бүс юм. Нэгэнт байгуулсан дэд бүтэц, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэх хэрэгтэй учраас “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг хойшлуулшгүй эхлүүлж байнгын болгох түүхэн шийдвэрийг энэ Засгийн газар гаргалаа. Монгол улсын Шадар сайдын хувьд миний бие чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, экспортод чиглэсэн эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэж” онцлосон юм. “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албад үйл ажиллагаа явуулах бөгөөд гүний гарцаар зорчигч, ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрч эхлэнэ. Мөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуучлал, бизнесийн чиглэлүүдийг түлхүү хөгжих юм. 2022-2036 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд 10 хувийн өсөлт бий болж, 2025 он гэхэд шууд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд 18000-иар нэмэгдэх юм. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх чухал ач холбогдол бий болж байгаа юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА