“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны төлөөллүүд БНСУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Пак Сүн Вуг хүлээн авч уулзлаа

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны Гадаад худалдаа хариуцсан Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Пак Сүн Ву /Park Sung Woo/ -г хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Захирагч И.Батнасан “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль эрхзүйн орчин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв. Түүнчлэн БНСУ-ын аж ахуй нэгжүүд хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд чөлөөт бүсэд үйл ажиллагааг явуулах боломж нөхцөлийг олгох, сурталчлах талаар санал солилцож тус улсын эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад Элчин сайдын яамны зүгээс дэмжлэг үзүүлэн чөлөөт бүсүүдийн сайн туршлага, ололт амжилтаас суралцах боломж олгож өгөхийг хүссэн юм.

БНСУ-ын Элчин сайдын Яамны гадаад худалдаа хариуцсан Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Пак Сүн Ву “Замын-Үүд” чөлөөт бүсийг Солонгос улсын эдийн засгийн чөлөөт бүсүүд болон холбогдох албан байгууллагуудтай  холбоо тогтоох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ хэмээн онцоллоо.

Уулзалтын төгсгөлд  БНСУ-ын элчин сайдын яамны албаны хүмүүс “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах бүхий л нөхцөл боломжийг ханган  ажиллахаа илэрхийлсэн юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

Leave a Reply