“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн эрчимжүүлэх чиглэлээр хоёр бүсийг хооронд нь холбох улсын хилийг огтлон гарах цэгийн байршлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талтай хэлэлцэн тохиролцож, газар дээр нь тогтоох үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн хурал /2026.03.12/ Гадаад харилцааны яам дээр зохион байгуулагдлаа.
“Ажлын хэсэг”-т Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам, тээврийн яам, Хилийн боомтын захиргаа, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Дорноговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд багтан ажиллаж байна.
Тус “Ажлын хэсэг” 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол, Хятадын хилийн 813 дугаар тэмдэгт түүний орчимд геодезийн хэмжилт хийн газар дээр нь ажиллаж, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн гол гарцын хил дамнасан байгууламжийн бүтээн байгуулалтын Монголын талын төлөвлөгөөний төсөл дээр холбогдох яам, агентлагуудаас санал авсан ба өнөөдөр гүйцэтгэгч байгууллага болох зураг төслийн “Сонголт дизайн” ХХК-тай уулзалт хийн цаашид ажлыг эрчимжүүлэхийн тулд тулгарч буй асуудлуудыг тодорхойлон, харилцан санал солилцов.
Хурлын төгсгөлд гишүүд яам, агентлагуудаас ирүүлсэн саналтай танилцан, холбогдох саналуудыг нэмэлтээр тусган хэлэлцэж, төлөвлөгөөний төслийг эцэслэн Хятадын талд нот бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэлээ.




“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











