“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БНХАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАНИЛЦУУЛГА ХИЙЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр БНХАУ-ын Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д  ажиллах үеэрээ /2026.10.15/ чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар ЗҮЧБ-ийн Захирагчийн ажлын албатай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан “Чейнжинг Алюуминум ГХОХХК”-ний толгой компани болох “Цин День групп” ХХК-ийн удирдлагуудтай “Санамж бичиг”-ийн хэрэгжилт, газар олголт, хөрөнгө оруулалтыг эхлүүлэх боломж, цаг хугацааны талаар мэдээлэл солилцов. Мөн зочид буудлын салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа “Өвөр Монголын Байчуань хөрөнгө оруулалт” ХХК-ний удирдлагуудтай уулзаж, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтцийн өнөөгийн байдлаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Захирагч мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийг “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль” гэж өөрчилж буй талаар дурдан тус хуулийн төсөлд чөлөөт бүсийн төрөл хэлбэр, тусгай дэглэм, хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар нарийвчлан зохицуулахаар тусгасан бөгөөд чөлөөт бүс дээр дэд бүтэц болон холбогдох ажлууд эрчимтэй хийгдэж гадаадын хөрөнгө оруулагч нар чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрэлдэх бий болох талаар онцоллоо.

Цаашид төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд Захирагчийн ажлын албанаас шаардлагатай мэдээллийг албан шугамаар хүсэж, мэдээллийг “Нэг цонхны үйлчилгээ”-ний зарчмаар харилцан солилцохоор тохиров.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА