Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил болон холбогдох албаны хүмүүс “Замын-Үүд” чөлөөт бүс дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн ажлын үйл явц, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь /2026.10.24/ танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-ээс төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний барилга угсралт болон гүйцэтгэлийн түвшний талаар холбогдох мэдээллийг өгч, бүтээн байгуулалтын ажилд учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцов.
Мөн энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр албаны төлөөллүүдэд чөлөөт бүсэд хийгдсэн нэгдүгээр хэлхээний дэд бүтцийн ажлууд болох дулааны станц, дулаан дамжуулах шугам, ус цэвэршүүлэх болон бохир усны цэвэрлэх байгууламж, авто зам холбоо дохиоллын байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн элэгдэл, туршилт тохируулгын талаарх мэдээллийг өгөв.
Уулзалтын төгсгөлд Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэх, барилга байгууламж, дэд бүтцийн ажлуудыг чанарын шаардлага, стандартад нийцүүлэн гүйцэтгэж дуусгахад анхаарч ажиллах, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үүсэж буй асуудлуудыг тухай бүр шуурхай шийдвэрлэн хамтран ажиллах чиглэлээр холбогдох албаны төлөөллүүдэд үүрэг, чиглэл өглөө.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











