СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, АШИГЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖИГДРҮҮЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮС ДЭЭР АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Шадар сайдын 174 дүгээр тушаалаар байгуулагдсан “Замын-Үүд” чөлөөт бүсэд хийгдсэн инженерийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, ашиглалтад шаардагдах төсөв, зардлыг үнэлэх, дэд бүтцийн ашиглалтыг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг тодорхойлох, цаашид ашиглалт, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллага, холбоодоор гүйцэтгүүлэх боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг “Замын-Үүд” чөлөөт бүс дээр /2026.10.24/ ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар сайдын Ажлын алба, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба,  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Дорноговь аймгийн “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий архитектор, “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн Дорноговь аймгийн газрын Кабель шугамын инженер гэсэн холбогдох яамд, газруудын төлөөллүүд багтан ажиллаж байна.

Ажлын хэсэг “Замын-Үүд” чөлөөт бүс дээр ажиллах үеэрээ “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн нэгдүгээр хэлхээний 4 багц ажил болох дулаан хангамж, цахилгаан хангамж, цэвэр бохир ус, авто замын нэгдүгээр хэлхээний бүтээн байгуулалт, ашиглалт байдлууд газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлж,  2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэхэд санал дүгнэлтээ боловсруулж,  11 дүгээр сарын 10-ны дотор Шадар сайдад танилцуулахаар тогтлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА