БНХАУ-ЫН ТАЛЫН “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС”-Д ГААЛИЙН БАТАЛГААТ ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЖЭЭ

БНХАУ-ын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д хөрөнгө оруулалт татах зорилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг “Гаалийн баталгаат логистикийн төв” төсөл албан ёсоор 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхэлсэн байна. Тус төслийг “Жүньшөн” гаалийн баталгаат логистикийн хөгжил ХХК хөрөнгө оруулан хэрэгжүүлж байгаа ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая юань бөгөөд төслийн хүрээнд гаалийн баталгаат агуулах, хил дамнасан бараа түгээлт, худалдааг дэмжих үйлчилгээ, үйлдвэрлэлийн дагалдах үйлчилгээ, гаалийн хяналт, зохицуулалтын үйлчилгээг нэгтгэсэн мэргэжлийн, боомт-гаалийн баталгаат логистикийн цогц платформыг бий болгохоороо онцлогтой аж.

Мөн “Гаалийн баталгаат логистикийн төв” (B төрөл- Нэг хуулийн этгээд төвийг байгуулж, удирдан ажиллуулах боловч олон аж ахуйн нэгж тус төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг) төслийн бүтээн байгуулалт эхэлснээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д хил дамнасан бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан тээвэр, гаалийн бүрдүүлэлтийн зардлыг бууруулах боломжтой болох юм.

БНХАУ-ын Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн зүгээс төслийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлэн, гаалийн хяналт, шалгалттай холбоотой бодлогыг урьдчилан уялдуулан холбогдох бодлогоор ханган бүтээн байгуулалтын ажлын явцыг түргэтгэх, богино хугацаанд стандартын дагуу чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх тал дээр анхаарч, холбогдох  арга хэмжээг авч ажиллах юм байна.

Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн дэд бүтэц, логистикийн хөгжилд шинэ боломж нээгдэж, бүс нутгийн гадаад худалдаа, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих бодит бүтээн байгуулалт бий болох юм.

Эх сурвалж: https://mp.weixin.qq.com/s/LviM0VU7bySvVAnIY35r2A