“Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт цахим сургалт боллоо

Азийн хөгжлийн банк нь “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх, улмаар Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орох, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр түлхэц болох зорилгоор  “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг  хэрэгжүүлж байгаа бөгөөд  төслийн үйл ажиллагаанд дэмжлэг болох үүднээс  “Мэдлэг хуваалцах сургалт”-ыг цувралаар зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн сургалт  “Төр, хувийн хэвшлийн түншлэл” нэртэйгээр дөрөв дэх удаагаа цахим хэлбэрээр   /2021.04.28/ зохион байгуулагдлаа.

Сургалтад  Шадар сайдын ажлын алба, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Захирагчийн Ажлын албаныхан, ГХЯ, ГЕГ, БХБЯ, БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон хувийн хэвшлийн төлөөлөгчид, хөгжлийн түншүүд хамрагдлаа.

Тус сургалтаар  Азийн хөгжлийн банкны  Зүүн Азийн газрын санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн  Азиз Хайдаров, Төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Дензел Ханкинсон нар  “ТХХТ-ийн тогтвортой загварыг хөгжүүлэх олон улсын шилдэг туршлага, Монгол Улсын чөлөөт бүсийн зарим хувилбарууд” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд “Монгол Улс нь Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр нэлээдгүй туршлагатай болох  талаар онцлоод  олон улсын туршлага дээр үндэслэн “Замын-Үүд” чөлөөт бүсэд Менежмент, Лизинг, Концессын гэрээ гэсэн гурван төрлөөр Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаар дурдсан юм.

Мөн  Филиппин улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн  төвийн Гүйцэтгэх захирлын орлогч  Миа Мери Себастиан “Филиппиний кейс судалгаа: төслийн барилга байгууламжийн ашиглалт ба засвар үйлчилгээ” гэсэн сэдвээр илтгэл тавьж, Филиппин улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хүрээнд хийгдэж буй Нисэх онгоцны буудал, Боомт, Аялал жуучлалын төвүүд зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, өөрийн оронд хэрэгжүүлсэн туршлагыг чөлөөт бүсүүд ч мөн адил амжилттай хэрэгжүүлэх боломжтой талаар онцлов.

Сургалтын төгсөлд  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын шилдэг туршлага, бүсийн хөгжлийн Филиппин улсын загвар жишээ, болон  бүсийн үр ашигтай ажиллагааг дэмжих загварууд, “Замын-Үүд” чөлөөт бүсийн тогтвортой дэмжлэг зэрэг сэдвийн хүрээнд  хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд  хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн цаашдын үйл ажиллагаандаа ямар аргаар тусган хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply