БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод 2025 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд “Эдийн засгийн хамтын ажиллагааны форум” зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн форум “Хойш нээлттэй, ирээдүйг холбох” уриан дор болж байгаа бөгөөд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны газар, Аж Үйлдвэр, Худалдааны холбоо болон Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны Өвөр Монгол дахь салбар хамтран зохион байгуулж байна. Форумын зорилго нь хил дамнасан хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн урагшлуулахад оршино.
Тус форумын үеэр БНХАУ-ын тал 08 дугаар сарын 25-ны өдөр Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг “Хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г албан ёсоор танилцууллаа.
Энэхүү төлөвлөгөөнд хоёр талын “Хамтын ажиллагааны бүс”-ийн хөгжлийн зорилго, үйлдвэрлэлийн бүтэц, хяналтын тогтолцоо зэргийг тодорхойлсон нь Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг илтгэж өгөв.
“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг байгуулах шийдвэрийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс албан ёсоор 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр баталсан. Тус шийдвэр хоёр талын “Хамтын ажиллагааны бүс”-ийг байгуулах нь хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх, олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хилийн бүс нутгийн нээлттэй байдлыг дээшлүүлэх өндөр түвшний бүсийг бий болгох, мөн “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх “Хятад-Монгол-Орос”-ын эдийн засгийн коридорын чухал зангилаа болж, Монгол, Хятад хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны үлгэр жишээ болох стратегийн чухал алхам болж байна. Мөн ӨМӨЗО-ны хувьд Хятад улсын нээлттэй бодлогын чухал тулгуур бүс болох үйл явцыг шинэ шатанд гаргах чухал бүс болж буйгаар онцлогтой аж.
Албан ёсоор танилцуулагдсан “Хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” нь Монгол, Хятад хоёр улсын итгэлцэл, хамтын зорилгод тулгуурлан хоёр талын хамтын ажиллагааны үндэс дээр боловсруулагдсан бөгөөд урьдчилсан судалгаа, олон шатны хэлэлцүүлэг хийгдэн, холбогдох байгууллагуудаас удаа дараа санал авч эцэслэгдсэн. Төлөвлөгөө нийт 8 бүлэг, 20 хэсэгтэй бөгөөд хөгжлийн үндэслэл, ерөнхий шаардлага, дэд бүтцийн холболт, орон зайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн хөгжил, хяналтын тогтолцоо, байгаль орчны хамгаалалт, баталгаажуулах арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй, цогц агуулгыг хамарч байгаа юм.
Мөн “Хамтын ажиллагааны бүс”-ийн ирээдүйн хөгжлийг чиглүүлэх үндсэн баримт бичиг болох “Хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” нь бүсийн бүтээн байгуулалт, хөгжлийн гол удирдамж болж, Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтдаа хөгжилд хүрэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж: ӨМӨЗО-ны Эрээн хотын Гадаад харилцааны алба