Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай тус тус уулзав. Талууд найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцон, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв.

Талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж, агуулга нь илүү баяжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй өргөжиж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломжууд бүрдэж байна.

Талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

Талууд 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу хоёр улсын харилцааг хөгжүүлэх хүч чармайлт гаргана. 2014 онд гаргасан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал” нь Монгол, Хятадын харилцааны хөгжлийн шинэ үе шатыг нээж, хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлов.

Талуудын хамтын хүч чармайлтаар “Хамтарсан тунхаглал”-ын үзэл санаа хэрэгжиж, хоёр улсын бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол, Хятадын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэн, бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулна.

Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрийн улсын гадаад бодлогын тэргүүлэх, стратегийн чиглэлийн нэг гэж үздэгээ дахин нотлов. Талууд нөгөө талын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал зэрэг язгуур эрх ашгийн асуудлаар харилцан тууштай дэмжиж, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ. Талууд газар зүйн ойр дөт байршил, эдийн засгийн харилцан нөхөх байдал зэрэг давуу талуудаа бүрэн ашиглан бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагааг тууштай урагшлуулж, хоёр улс болон хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө ажиллана.

Нэг.Улс төрийн харилцаа

Талууд 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” болон 2014 оны “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д  тусгагдсан харилцааны суурь зарчмууд болон харилцааг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн улсын онцлогийн дагуу сонгосон хөгжлийн зам, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэдгээ нотлов. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг баримталж, Тайвань, Төвд, Шинжаантай холбоотой асуудлаарх хятадын талын байр суурийг дэмждэгээ нотлов.

Талууд өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг цаашид ч хадгалж, хоёр улсын удирдагчдын олон улсын арга хэмжээнд оролцох үеэрээ хийх уулзалтуудыг идэвхтэй ашиглан хоёр улсын харилцааг хөгжүүлэх илүү их боломжийг бий болгоно.

Талууд хоёр улсын хууль тогтоох байгууллага, засгийн газар, улс төрийн намуудын харилцааг бэхжүүлж, идэвхтэй хамтын ажиллагааны хандлагыг хадгална. Энэ хүрээнд хоёр улсын парламент байнгын уулзалтын механизм байгуулсныг талууд сайшааж, энэхүү механизм нь хоёр улсын улс төрийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж буйгаа илэрхийлэв. Талууд энэхүү механизмыг сайтар ашиглан хоёр улсын хууль тогтоох байгууллагын бүх шат, чиглэлийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цогцоор урагшлуулж, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн баталгааг нэмэгдүүлнэ.

Хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд Стратегийн яриа хэлэлцээний механизм амжилттай хэрэгжиж эхлээд байна. Талууд цаашид уг механизмыг үргэлжлүүлэн ашиглаж, хоёр талын стратегийн хэлхээ холбоо болон харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын бүх салбарын харилцааны хөгжлийг төлөвлөж, түлхэц үзүүлнэ.

Хятадын тал хөрш орнуудтайгаа харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч, өөрийн хөгжлийн үр шимийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал дэмжиж, энэ нь хоёр улсын харилцааны хөгжилд төдийгүй бүс нутаг, улмаар олон улсын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Талууд цаашид ч хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлж, батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болон цэргийн өндөр түвшний харилцан айлчлалыг үргэлжлүүлж,цэргийн итгэлцлийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Талууд хоёр улсын терроризмын эсрэг анхны хамтарсан сургалт амжилттай болсныг өндрөөр үнэлж, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа, сургалтанд хамтран оролцох, терроризмын эсрэг хамтарсан сургалт зохион байгуулахыг үргэлжлүүлнэ. Талууд Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон боловсон хүчин сургах төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлнэ.

Хил дамнасан гэмт хэрэг болон терроризмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхийг дээшлүүлэх, мөн хар тамхи, мансууруулах бодисын хууль бус ажиллагаатай тэмцэх чиглэлээр хоёр талын хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг талууд онцолж, хамтын ажиллагааны холбогдох механизмыг байгуулах нь чухал гэж үзэв.

Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд орон нутгийн харилцаа нь чухал бүрэлдэхүүн хэсэг болж ирснийг талууд тэмдэглэж, цаашид орон нутаг хоорондын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

Хоёр. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх гол тулгуур болохыг талууд дахин нотлов.

Талууд Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно гэж үзэж буйгаа илэрхийлэв. Талууд цаашид эдгээр санаачилгыг бүх талаар уялдуулахыг түргэтгэж, хоёр улсын засгийн газар хооронд хөгжлийн стратегиа уялдуулах тухай хэлэлцээр байгуулахыг идэвхтэй судлан ярилцана. Талууд “Бүс болон Зам” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Улсыг бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбох томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Торгоны замын сан” зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулахыг дэмжинэ.

Талууд 2014 онд байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллаж, улмаар  худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ.

Хоёр улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц, ард иргэд үр ашгийг нь хүртэх томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийн чухлыг талууд онцлон тэмдэглэв. Талууд уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэх чухал тохиролцоонд үндэслэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулна. Талууд Тавантолгой, Шивээ-Овоогийн төслүүд болон нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх, өмнөд чиглэлийн төмөр замын шугамыг барих, Эгийн голын усан цахилгаан станц барих төслүүдийг түргэтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломжийг ашиглан, худалдааг хөнгөвчлөх бодлогыг дэмжих, Зүүн Хойд Азийн үзэсгэлэн яармаг, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг замаар хоёр талын бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд саяхан БНХАУ-ын Хөххотноо анх удаа зохион байгуулсан Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг болон сэдэвчилсэн хэлэлцүүлэг, хуралдаан нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг өндрөөр үнэлэв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны механизмуудыг үр дүнтэй ашиглах, үйл ажиллагааг нь улам боловсронгуй болгох шаардлагатай хэмээн талууд үзэв. Талууд цаашид Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн гүйцэтгэх үүргийг сайтар ашиглаж, эдгээр хамтын ажиллагааны механизмын чиг үүрэг болон уялдааг бэхжүүлнэ.

Талууд Замын-Үүд-Эрээний хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах болон Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бэлтгэл ажлыг тохиромжтой үед эхлүүлэхийг судлана.

Монгол, Хятадын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны цар хүрээ, худалдааны хэмжээ, харилцан зорчигчдын тоо зэрэг үзүүлэлтээр хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буйг харгалзан Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг дэмжих механизмыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд байгуулахыг талууд судлана.

Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй тэмдэглэж, цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын сайн үүлдрийн үржил селекцийг бий болгох, тэргүүний технологийг ашиглан БНХАУ-д экспортлох байгаль экологийн цэвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана.

Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хилийн бүсд мах боловсруулах үйлдвэр байгуулах, мөн мал, амьтны халдварт өвчинтэй хамтран тэмцэх асуудлаар хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр талууд тохиров. Энэ хүрээнд “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газар хооронд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв.

Талууд 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр” болон 1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулж, аль болох эрт хэрэгжүүлнэ. Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт – Ганцмод, Шивээхүрэн – Сэхээ боомтыг олон улсын шинжтэй болгох асуудлаар аль болох эрт хэлэлцээ хийж, хэрэгжилтийг урагшлуулна.

Талууд хамтран ажиллаж Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ.

Талууд өөрийн улсын эрчим хүчний хөгжлийн стратеги болон бодит  хэрэгцээ шаардлагатай уялдуулан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, Монголд нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулан, Хятадад эрчим хүч экспортлох болон холбогдох хэлэлцээрийг байгуулах зэрэг асуудлыг идэвхтэй судлана.

Хятадын тал Монгол Улсын далайд гарцгүй нөхцөл байдлыг харгалзан монголын талд дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн таатай нөхцөл олгож, монголын талыг Хятадын хойд, зүүн хойд бүс нутаг дахь гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглахыг дэмжинэ.

Талууд хоёр улсын иргэний нисэхийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлж, хоёр улсын агаарын тээврийн зах зээлд нэвтрэх боломжийг зах зээлийн шаардлагын дагуу нэмэгдүүлж, хамтран ажиллана.

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг талууд дэмжинэ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс БНХАУ-ын зүгээс Монгол Улсад олон жилийн турш буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Гурав. Байгаль экологи, боловсрол, соёл, хүмүүнлэг, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагаа

Талууд Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулахыг цаашид судалж, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг боломжтой бүхий л талаар урагшлуулж, ард түмний найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ.

Талууд олон суваг, хэлбэрийг ашиглан хоёр улсын ард иргэдийн солилцоог нэмэгдүүлж, ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлнэ.

Талууд соёл, боловсрол, анагаах ухаан, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн салбарын хэлхээ холбоог хөхиүлэн дэмжиж, спорт, хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Талууд Монгол судлал, Хятад судлалыг өөрийн улсдаа хөгжүүлэхийг дэмжиж, хоёр улсын үндэсний соёл, хэл, уламжлал, түүх, урлаг, спорт, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Талууд соёлын өдрүүдийг үргэлжлүүлэн хоёр талдаа зохион байгуулж, хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжинэ.

Талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын холбогдох эмнэлгүүд шууд хамтын ажиллагаа тогтоохыг дэмжинэ. Хятадын тал Монголын эмч, мэргэжилтнүүдийг БНХАУ-д сургалтад хамрагдахыг урьж, алсын зайны сургалт явуулахыг дэмжинэ. Талууд Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт анхаарна.

Залуучууд нь хоёр улсын харилцааны ирээдүй болохын хувьд тэдний  солилцоо нь хоёр улсын ард түмнийг ойртуулж, найрамдалт харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр тал залуучуудын солилцоог цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулна.

Хятадын засгийн газраас Монголын оюутнуудад жил бүр тэтгэлэг олгож буйд монголын тал талархал илэрхийлэв. Талууд цаашид оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагаа, их дээд сургууль болон мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров. Талууд хамтран Монгол, Хятадын солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлнэ. Мөн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны механизм тогтоохыг талууд дэмжинэ.

Хятад улс 2022 оны Өвлийн олимп, Азийн тоглолтыг зохион байгуулах эрх авсанд монголын тал баяр хүргээд цаашид спортын тодорхой салбарт хамтарсан бэлтгэл сургууль хийх, нөхөрсөг тэмцээн зохион байгуулах замаар тус салбарын хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиров.

Талууд цаашид цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймэртэй тэмцэх, усны нөөцийг ашиглах болон хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Дөрөв. Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа

Талууд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хамтран ажилладаг уламжлалаа хадгалахыг санал нэгтэй зөвшөөрөв. Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/, Ази-Европын уулзалт /АСЕМ/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга /АРФ/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/, “Их Түмэн санаачилга” зэрэг бүс нутгийн олон талт бусад механизмын хүрээнд нэгдмэл эрх ашгийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Талууд НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг томоохон асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох уламжлалаа хадгалан хамтран ажиллаж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдал, дэлхий дахины  энх тайван, шудрага ёсыг хамтран хамгаалахаа илэрхийлэв.

Талууд ШХАБ-ын Уфагийн дээд түвшний уулзалтын үеэр Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалт амжилттай болсныг сайшаан үнэлж, дээд түвшний энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь нэн чухал гэж үзэв. Талуудын хүч чармайлтаар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг дэмжиж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцоход бэлэн буйгаа илэрхийлэв.

Хятадын тал Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв.

Хятадын тал Монгол Улсыг олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэх, Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэх, Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ.

Талууд Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн үйл хэргийн талаарх хэлхээ холбоо, зохицуулалтаа улам гүнзгийрүүлнэ. Монголын тал хятадын талын зохион байгуулагч орны хувиар Зургаан талт яриа хэлэлцээний үйл явцыг сэргээхийг идэвхтэй урагшлуулах чиглэлээр гаргаж буй хүч чармайлтыг дэмжинэ. Хятадын тал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжиж, хоёр тал болон олон талт түвшинд хамтран ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр хятадын талаас дэвшүүлсэн Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийг дэмжих, байгаль хамгаалах зэрэг чиглэлийн санаачилгыг монголын тал дэмжиж, зохистой хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

2016 онд Монгол Улсад болох Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад чухал дэмжлэг үзүүлж буй БНХАУ-ын Засгийн газарт монголын тал талархлаа илэрхийлж, БНХАУ-ын дээд удирдлагыг энэхүү уулзалтад оролцохыг урив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн талууд санал нэгтэй үзэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хятадын тал халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Си Зиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив. Си Зиньпин дарга үүнд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: www.president.mn

3 Responses
  1. Быстрое развитие международных взаимоотношений с Китаем ведет к улучшению приемов импорта грузов. В числе множества разновидностей перемещений грузов базовым из популярных является сборная отправка. Этот вид транспортировки грузов еще наименуется «под ключ». В сборной поставке совмещено обилие бизнес-процессов. Кроме самой поставки груза, сборная грузоперевозка подразумевают еще и растаможивание https://ved-line.ru При этом может осуществляться сортировка сборных грузов. В результате возможно достичь большого снижения цены перевозок и сокращения их длительности. Сборная перевозка товара подразумевают необходимое подписание необходимого контракта на поставку между компанией перевозчика и клиентом. В спецификации к договору надо подтвердить все особенности доставляемого груза. В детальности, величины, вес, объем, материал упаковки. Также необходимо подтвердить срок доставки и тип транспорта, точный маршрут доставки. Эти сроки договора ТЭО являются безусловными.

Leave a Reply