“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба өнөөдөр “Чөлөөт бүс дэх экспорт, импортын боломж, давуу тал” сургалтыг “Бишрэлт” зочид буудалд зохион байгууллаа. Энэ үеэр “Замын Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжинтай цөөн хором ярилцлаа.
– Өнөөдрийн зохион байгуулж буй сургалтын зорилго?
– Бидний зохион байгуулж буй сургалтын гол зорилго нь Чөлөөт бүсийн шинэчлэн найруулсан хуулиар бизнес эрхлэгчдэд таатай боломжийг олгосон олон заалт байгааг танилцуулах. Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс авахуулаад олон заалт тусгагдсан байна. Түүнчлэн экспорт, импортын давуу тал боломжийг ашиглах талаар ярилцана.
Бид өнөөдрийн арга хэмжээг Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байна. Учир нь Дэлхийн банкнаас экспортлогч буюу экспортлогч болох сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд 100.000 хүртэлх ам.долларын буцалтгүй тусламж авах боломж. Тиймээс энэ төсөлд экспортлогч болох сонирхол бүхий аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн хамрагдах вэ. Манай гадаад харилцаа, гадаад худалдаа, бараа бүтээгдэхүүнээ экспортын чиглэлээр гаргахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар илтгэл, мэдээлэл өгч байна. Иймд бизнес эрхлэгч нарт хэрэгтэй сургалт боллоо гэж бодож байна.
-“Замын-Үүд” чөлөөт бүсийн ажил өнөөдөр ямар шатанд явна?
-Манай “Замын-Үүд” чөлөөт бүсэд дэд бүтцийг сайжруулах төсөл хэрэгжсэн. Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн байгаа. Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийг дэд бүтцээр хангах 4 багц ажил буюу авто зам, холбоо дохиолол, цахилгаан дулаан, ус хангамж, ариутгах татуургын ажлууд хийгдсэн. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, гүйцэтгэл 98 хувьтай байна. Цахилгаан станцаас бусад ажлуудыг улсын комисс хүлээж авсан.
-Замын-Үүдийн цахилгаан станцыг Улсын комисс хүлээж аваагүй байгаа гэлээ. Уг станцын хүчин чадал Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэгцээг хэд дахин нугалах хэмжээний хүчин чадалтай гэсэн асуудал яригдаад байгаа?
-Мэдээж цахилгаан станц маань Замын-Үүд сумыг, “Замын-Үүд” чөлөөт бүстэй нь хамт цахилгаан дулаанаар хангахаар хүчин чадалтай. Гэхдээ өнөөдөр “Зам-Үүд- чөлөөт бүс болон Замын-Үүд суманд уг цахилгаан станцийн хэрэглээг хангах хэрэглэгч байхгүй. Тийм учраас хараахан бүрэн ашиглалтад орох боломж бүрдээгүй. Ямартаа ч цахилгаан станц маань өнгөрсөн намар туршилт, тохируулгын ажил нь хийгдчихсэн. Энэ хавар улсын комисс хүлээж авна.
-Улсын комисс хүлээж авч болно л доо. Гэхдээ хэрэглэгчийнхээ хэрэгцээнээс илүү гарсан хүчин чадлаар ажиллах болох нь ээ?
-Хэрэглэгчдийг бий болгох асуудал байна. Бид “Замын-Үүд” чөлөөт бүсийг энэ оны намар нээхээр бэлтгэл, зохион байгуулалтын ажлаа хийж байна. Хэрэглэгчид бий болох юм бол Чөлөөт бүсэд цахилгаан дамжуулах, дулаан түгээх цхилгаан станц маань ашиглалтад орох бүрэн боломж байгаа.
-Алтанбулаг чөлөөт бүсийн нээлтийн үеэр очиж байхад их олон сайхан юм яригдаж байсан ч одоо ямар байгаа билээ. Одоо “Замын-Үүд- чөлөөт бүс нээгдэнэ гэж байна. Өмнөх түүхийг давтахгүй байхын тулд юун дээр илүү анхаарах вэ?
-Замын-Үүд боомтоор манай улсын нийт бараа эргэлтийн буюу экспортын 90 хувь, импортын 80 орчим хувь эргэлдэж байдаг онцлог бүхий газар. Тиймээс “Замын-Үүд” чөлөөт бүс албан ёсоор үйл ажиллагаагаа нээхэд ямар ч байсан үйл ажиллагаа нь бусад бүсүүдтэй адил зогсонги байдал үүсэхгүй. Санаа зовохгүй байж болно гэж харж байгаа.
Чөлөөт бүс дээр газар сонгон шалгаруулалт явагдаж байгаа байдлаас харахад аж ахуйн нэгжүүд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах сонирхол асар их байна. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа шинжилгээний ажил явагдаж байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр батлагдаад хил дамнасан чөлөөт бүс болчихвол манай улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах бүс болон өргөжих боломжтой юм. Дангаараа үйл ажиллагаа явуулсан ч манай бизнес эрхлэгчид маань Замын-Үүд боомтоор гол ачаа бараагаа тээвэрлэдэг учраас хүндрэлтэй асуудал үүсэхгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/1h653ab54