Өндөр хөгжилтэй, хөгжингүй, ядуу буурайгаар нь улс орнуудыг ялгалгүй өмнөө “сөхрүүлж”, барьц алдуулж байгаа коронавируст цар тахал дэлхий нийтэд хүнд сорилт болсон. Үүнийг даван туулахын тулд улс орнууд өөрийн онцлог, халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой арга, төлөвлөгөө ашиглан тэмцэж байна. Манай улсын хувьд халдварын нөхцөл байдлыг хэрхэн зураглаж байгаа, цаашид байдал хүндэрвэл хэрхэх талаар монголчуудын цар тахалтай хийж буй тэмцлийг удирдан чиглүүлж буй Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатартай ярилцлаа.
Коронавируст цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Монголын хувьд цар тахалтай хэрхэн тэмцэж, ямар үр дүнд хүрч байгаа талаар ярилцлагаа эхэлье?
Коронавирусийн халдвар Ковид19 дэлхийд бүртгэгдсэнээс хойш хэд хэдэн шат дараатай тэмцлийг өрнүүлж байна. Бид халдварын эхэн үед нэгдүгээрт, дотоодод халдвар гаргахгүй байх чиглэлд тодорхой арга хэмжээ авсан. Хоёрдугаарт, Ковид19-тэй тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөө баталж, үүний дагуу нөөц бэлтгэл хангах ажил хийсэн. Халдварын эхэн үед ийм хоёр зорилго тавьж ажилласан юм. Ингээд 10 сарын хугацаанд халдварыг дотоодод алдаагүй. Энэ хугацаанд зөвхөн гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирж байсан. Бид энэ үед хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож, тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажил гүйцэтгэсэн. Мөн хил гаалийн ариутгал халдваргүйтгэлийг сайжруулж, эрсдэл өндөртэй гурван цэг дээр анхаарал хандуулж байсан. Нэгдүгээрт, төмөр зам, авто замын боомтуудаар орж ирж буй хөдөлгөөнд хяналт тавих, хоёрдугаарт, тусгай үүргийн нислэгээр ирж, тусгаарлалтад орсон иргэдийг хяналтад байлгах, гуравдугаарт, халдвартай өвчтөнтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад анхаарсан юм.
Дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш ямар арга, төлөвлөгөө ашиглав?
Арваннэгдүгээр сарын 10-нд дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш голомтыг хумих, голомтлон гарч буй халдварыг нэг түвшинд нь барих чиглэлээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлт бүлгийнхний дунд халдвар алдахгүй, иргэдийнхээ амь насыг хохироохгүй, халдвар цаашид тархлаа гэхэд эрүүл мэндийн салбарын хүчин чадал, ачааллаас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Халдварын хүрээллийг бууруулах, тархалтын хурдыг сааруулах, голомтыг хумих, тархалтын зураглалыг зөв гаргах, иргэдийн дунд эрт илрүүлэлт, тандалт хийх гэх мэт арга хэмжээний хүрээнд хатуу хөл хорионы дэглэмийг хоёр удаа авч хэрэгжүүллээ.
Орон нутагт гарсан халдварыг бүрэн таслан зогсоосон гэж ойлгосон. Одоо эрсдэлтэй аймаг, бүс нутаг байгаа юу?
Улсын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 30 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хүрээнд бид зургаан аймгийн есөн суманд гарсан халдварыг үндсэнд нь бүрэн таслан зогсоосон. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос бусад газар 28 хоногоос дээш хугацаанд халдвар илрээгүй. Орхон, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт гарсан халдвар бүрэн дарагдсан гэж үзэж байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод халдвар илрээгүй 20 хоног болж байна. Энд гарсан халдварыг хумьсан гэж үзэж байгаа. Нэмж халдвар илрэхгүй бол Сэлэнгэ аймгийг эрүүл ногоон бүс болгох боломж бүрдэнэ. Ер нь орон нутгуудад өөр өөрийн тактик барьж ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал?
Орхонд халдварын ойр, дам хавьтлыг тодорхойлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 6600 ажилтан, төмөр зам дагасан халдварын хавьтлуудыг бүрэн шинжилгээнд хамруулсан. Аймаг руу орох, гарах бүх хөдөлгөөнийг хяналтад авч, IT технологийн тусламжтайгаар ойр, дам хавьтлыг хянах аргачлалаар Орхоны голомтыг дарсан. Архангай аймгийн Батцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад хүн бүрийг шинжилгээнд хамруулсан. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт “Нэг өрх- Нэг иргэн” шинжилгээг давхар зохион байгуулсан. Дорноговь, Говьсүмбэр аймагт мэргэжилтнүүдийн зөвлөснөөр ойр, дам хавьтлуудын хөдөлгөөнийг хязгаарлалтад авч, шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт түргэвчилсэн шинжилгээг өндөр хувьтай хийж, тархалтын зураглалыг гаргаж, үүний дагуу “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг хийх байдлаар арга хэмжээ авсан. Эхлээд 26 мянган өрхөөс шинжилгээ авсан бол давтан шинжилгээгээр 12 мянган өрхөөс авсан. Ийнхүү орон нутгийн онцлог, хүн амын тоо, өвчний тархалтын байдлаас шалтгаалсан орон нутагт өөр, өөр арга тактик хэрэглэж, халдварын голомтыг дараад байна.
Улаанбаатар хотод гарсан халдварын голомтуудыг орон нутагт ашигласан 0 зогсолт хийх, бүх иргэнээс шинжилгээ авах зэрэг аргаар дарах санаачилгыг зарим хүн гаргаж байна лээ. Энэ талаар төлөвлөж байгаа юу?
Нийслэлийн хувьд 412 мянган өрх, 1.7 сая гаруй хүн амтай. Орон нутагт хийж байгаа шиг 0 зогсолт хийж, бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, шинжилгээг бүрэн авахад хүндрэлтэй байна. Тиймээс ойр дам хавьтлыг тодорхойлох, эрсдэлтэй дүүрэг, хороодын иргэдийг шинжилгээнд хамруулах, шинжилгээний хүрээ хязгаарыг тэлж, өргөтгөх арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн сард л гэхэд “Нэг өрх- Нэг иргэн” шинжилгээнд эрсдэлтэй 40 хорооны 70 мянган хүнийг хамруулсан. Мөн Баянзүрх дүүргийн 90 мянган өрхийн 93 мянган иргэнээс шинжилгээ авсан. Эдгээр шинжилгээнээс халдварын тохиолдол харьцангуй бага илэрсэн.
Бид Улаанбаатар хотын хэмжээнд 570 мянга гаруй иргэнээс шинжилгээ аваад байна. Тиймээс хотод гарсан анхны халдваруудын хүрээг хумих байдлаар ажиллаж байна. Гэхдээ энэ нь агаар дусал, гадаргуугаар халдварлаж байгаа учир эмнэлгүүдэд голомтлон тархаж байгаа нь хүндрэлтэй байна. Харин иргэдийн дундах халдварын ойр, дам хавьтлыг илрүүлж голомтыг таслан зогсоогоод явж байгаа.
Ер нь 0 зогсолт хийхийн үр дагавар нь юу вэ. Монголд бүх нийтээрээ тэг зогсолт хийх чадамж бий юү?
Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгийн Батцэнгэл сум зэрэг хүн ам харьцангуй сийрэг, цөөн хоногт бүх хүнээс шинжилгээ хийж болох газруудад бид 0 зогсолт хийсэн. Тодорхой үр дүнд хүрсэн. Нийслэл хотод 0 зогсолт хийнэ гэвэл нийтдээ 1.7 сая иргэнийг зогсоох ёстой болно. 0 зогсолт гэдэг бол айл бүрийн үүдэнд сайжруулсан түлш, ус, хүнсийг нь хүргэж өгнө гэсэн үг. 412 мянган өрхөөс гэр хороололд сайжруулсан шахмал түлшинд, худгийн усанд явдаг 225 мянган өрх байна. Улаанбаатар хотод ийм хэмжээний 0 зогсолт хийх чадавх Монголд одоохондоо бүрэн биш байна. Ийм хэмжээний “ТЭГ” зогсолт хийнэ гэвэл онц байдал зарлах байх. Гэхдээ ийм нөхцөл байдал хараахан үүсээгүй.
Цаашид хотын иргэн бүр, эсвэл өрх бүрээс шинжилгээ авах уу?
Хөдөлгөөнийг зогсоогоод бүх хүнээс эсвэл өрх бүрээс шинжилгээ авах санаачилга гарч байна. Харин бүх нийтийн шинжилгээний үр дүн ямар байх вэ гэдэгт мэргэжлийн хүмүүс санал зөрүүтэй байна. Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөл, тархвар судлаачид болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч бүх нийтийг хамарсан масс шинжилгээ хийх нь үр дүн муутай гэж үзсэн. Өнөөдрийн хэрэгжүүлж байгаа аргачлалын хүрээнд ойр, дам хавьтлуудыг тодорхойлж, эрсдэлтэй бүс, дүүрэг, хороодын иргэдээс шинжилгээ авах зөвлөмжийг өгч байгаа. Жишээ нь, “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг хотын 40 эрсдэлтэй хорооны 70 мянган иргэнээс авч үзсэн. Тухайн үед шинжилгээгээр тодорхой тохиолдол илрээгүй. Дараа нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан голомтын хүрээнд тус дүүргийн өрх бүрээс шинжилгээ авсан. Энэ шинжилгээний хүрээнд 4-5 тохиолдол илэрсэн. Гэхдээ энэ нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос үүдэлтэй байсан. Одоо бид нийслэлийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг хийе гэсэн төлөвлөлттэй байгаа. Гэхдээ үр дүн ямар байх вэ гэдэгт мэргэжлийнхэн “үр дүн муутай” л гэж хариулж байна.
Яагаад үр дүн муутай гэж үзэж байгаа юм бол?
Коронавирус нэг шинжилгээгээр илрэхгүй. Жишээ нь, Баянзүрх дүүргийн эмнэлэгт анх илэрсэн тохиолдол нь өмнө нь шинжилгээнд хамрагдсан хүнээс илэрсэн. Арванхоёрдугаар сарын 7-нд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Шинжилгээнд хамрагдана гэдэг бол тухайн хүн тэр цаг үед л вирусгүй гэдгийг тогтоож байгаа юм. Харин шинжилгээ өгөх явцдаа ч, шинжилгээ өгөөд гарсны дараа ч нэг минут, нэг секундэд ч вирус авах магадлалтай. Вакцин хийгээд дархлаа үүсгээгүй учраас хэн ч, хэзээ ч халдвар авах магадлал өндөр. Хоёрдугаарт, нэг бус хоёр, гурав дахь шинжилгээгээр халдвар илрэх тохиолдол их байна. Мөн нууц үедээ халдвар мэдэгдэхгүй. Тиймээс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж бүх нийтийн шинжилгээ хийлээ ч 100 хувь вирусгүй болох магадлал байхгүй. Гэхдээ бид эрдэмтдийн ярьж байгаа саналуудыг арга төлөвлөгөөндөө тусгаж байгаа. “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг ойр, дам хавьтлыг илрүүлэх аргачлалтай хослуулан хэрэглэж байна.
Хөл хориог сулруулахыг шаардаж буй иргэд олон байна. Иргэдээс судалгаа, санал асуулга авсан уу?
Иргэдийн дунд санал асуулга явуулж, иргэдээс санал авч байгаа. Мэдээж УОК-ын шийдвэр судалгаа тооцоололд үндэслэдэг болохоос сошиал орчны уур амьсгал, социологийн судалгаагаар гаргадаггүй. Гэхдээ иргэдийг санал дүгнэлтийг давхар харгалзаж үзэх ёстой. Яагаад гэвэл, УОК, Засгийн газраас гаргаж буй шийдвэрийг иргэд дэмжихгүй бол үр дүн багатай. Ард иргэд дэмжиж, хамтран ажиллаж байж үр дүн гарна. Тиймээс бид социологийн судалгаа авч үзсэн. Судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь “Хөл хориог сунгах шаардлагагүй”, 30 орчим хувь нь “Сунгах хэрэгтэй” гэж үзсэн байна. Хөл хориог сунгах шаардлагагүй гэж үзсэн иргэдийн ихэнх нь “Өдрийн орлогоор амьдарч байгаа иргэд, зах худалдааны төвд бизнес хийж байгаа хүмүүс, ЖДҮ эрхлэгчдэд хямрал, хүндрэл ихээр илэрч байна” гэсэн байна лээ. Тиймээс энэ сарын 11- нээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллаад үзье гэж шийдсэн. Өвчний тархалт нэмэгдэж, олон голомт гараад эхэлбэл, эргээд хатуу хөл хориог тогтооно. Гэхдээ хэзээ хатуу хөл хорио тогтоох, хэзээ хязгаарлах шийдвэрийг гаргахдаа өвчний тархалтыг харгалзаж байгааг ойлгох хэрэгтэй. Түүнээс эргэж буцсан шийдвэр биш. Дэлхийн бүх улс орон өвчний тархалтыг харж, эрсдэлээ тооцож үзээд өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь эсвэл долоо хоногийн дараа өөрчлөх тохиолдол олон гарч байгаа.
Иргэд хатуу хөл хориог тогтоосны үр дүнг л нэхээд байна л даа.
Иргэд нэг зүйлийг ойлгомоор байна. Хатуу хөл хорио тогтоогоод ажиллаж байгаа энэ өдрүүдэд вирусийн тархалтыг бүрэн зогсоож, бүрэн устгана гэхэд ихэд хүндрэлтэй. Ингэхийн төлөө зорьж байгаа ч гэсэн амьдралд хэрэгжихэд маш хүндрэлтэй байна. Улс орнууд хатуу хөл хориог тогтоож байгаа цаад агуулга нь тархалтын хурдыг бууруулж байгаа юм. Хөл хорио тогтоогоогүй бол 5-10 дахин их хүн өвчилнө. Хөл хорио тогтоосны хүчинд 10 хүн өвдөх байсан бол нэг хүн өвдөж, 100 хүн өвдөх байсан бол 10 хүн өвдөж байгаа гэсэн үг. Хөл хорио тогтоож, тархалтын хурдыг бууруулснаар өвчлөлийн тоог давхар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн дунд тархах халдварын хурдыг бууруулж, эмнэлгийн ачааллыг хүндрүүлэхгүй байх аргачлал гэж болно. Бусад улс оронд ч ийм л аргачлалаар хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж байгаа.
Дэлхийн улс орнууд эдийн засгаа аврах уу, иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг чухалчлах уу гэдэг хүнд сонголттой тулгарч байна. Манай улсын хувьд иргэнээ ч, эдийн засгаа ч чухалчлах боломж байна уу?
Дэлхийд хоёр том стратеги баримталж байна. Нэг нь коронавирусийн халдвартайгаа дасан зохицож амьдрах. Зарим улс сүргийн дархлаа тогтооно гэж үзээд өнгөрсөн хавар ямар нэгэн хөл хорио тогтоохгүйгээр халдвартай дасан зохицох аргачлалыг хэрэгжүүлсэн. Энэ бол эдийн засгаа илүү анхаарсан стратеги. Хоёр дахь нь иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг чухалчилсан стратеги байна.
Аль болох халдварын голомтыг хумих, таслан зогсоох тактикаар ажиллаж байна. Ийм л хоёр стратегийг дэлхийн улс орнууд баримталж ажиллаж байгаа. Манай улсын хувьд хоёр дахь стратегийг баримталсан. Тиймээс бид хүний эрүүл мэнд амь насыг түрүүнд тавьж байгаа. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх чиглэлээр Засгийн газар нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.
Тийм шүү. Нийгмийн даатгалын шимтгэл, албан татвар тэглэх, зээлийн төлөлтийг хойшлуулах гээд багц арга хэмжээ хэрэгжүүлсэн. Одоо ч зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрэгжүүлж байгаа.
Сая л гэхэд тог, ус, дулаан, уур, хогны төлбөрийг төрөөс даахаар шийдвэрлэлээ. Хавраас хойш эдийн засгийн багц арга хэмжээ хэрэгжүүлсэн. Хүүхдийн мөнгийг тав дахин, халамжийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө манай улсын хувьд иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавихын зэрэгцээ эдийн засаг, санхүүг нь дэмжих аргачлалаар тэмцэж байна.
Алдсан зүйлүүд ч бас бий. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж өндөр настай иргэн нас барсан хэрэг гарсан. Мөн эргэж буцсан шийдвэрүүд олон нийтийг нэлээд бухимдуулсан?
Коронавируст цар тахлын эсрэг тэмцлээс дэлхийд шалгарсан арга аргачлал, туршлага гэж алга. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнууд хүртэл үүний өмнө барьц алдаж, нийтийн цар тахал болгож, нас баралт, халдварын тоо нь өндөр байгаа. Бид ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн хүрээнд, эрдэмтэн судлаачдын гаргасан заавар аргачлалын дагуу хариу арга хэмжээний төлөвлөгөө баталж ажиллаж байгаа. Харьцангуй цаг алдахгүй, шуурхай шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Энэ үед цаг тухайд шуурхай арга хэмжээ авч байгаа учраас цар тахлын үед баримжаалж байгаа бодлого, стратегийн хувьд алдаатай зүйл алга байна. Харин тактик хэрэгжүүлэлтийн түвшинд алдаж байгаа зүйлс бий. Анх удаа 3.3 саяулаа хатуу хөл хорио тогтоож, ажил амьдралаа зохицуулах гэж үзлээ. Анх удаагаа дэлхий нийтийг сандаргасан цар тахлын эсрэг улсаараа тулж үзлээ. Үүнд зохион байгуулалтын талаасаа алдах зүйлүүд байна. Эдгээрийг цаг тухайд засаж сайжруулаад явж байгаа. Хэрэгжилтийн шатанд гаргасан шийдвэрүүд, олон мянган хүн ажиллаж байгаа учраас хайхрамжгүй байдал, зан авирын байдлаас шалтгаалж хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн асуудал нэлээд гарсан. Хариуцлагагүй ажилласан хүмүүст хариуцлага тооцон арга хэмжээ авсан. Ер нь цар тахлын эсрэг монголчууд бүгд хамтдаа байж хүндрэлийг давж гарна. Голын нэг талд цар тахал, нөгөө талд монголчууд байна гэж үзвэл бид муутай, сайнтай, хөгшин, залуугүй нэгдэж байж, эрсдэл багатай давж гарна. Төр, иргэн нь тусдаа юм шиг хандлага гаргавал их эрсдэл үүрч, илүү хохирол амсана. Тиймээс монголчууд бид хайртай хүмүүсийнхээ төлөө ч болов хариуцлагатай хандах ёстой. Нэгэнт дотоодын халдвар голомтлон гарч байгаа тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж бүрийн хариуцлагын асуудал чухлаар тавигдаж байна.
Манай улс халдвар гарснаас хойш 10 сарын хугацаанд дотооддоо халдвар алдаагүй барьж чадсан. Энэ нь халдвар анх тархсан БНХАУ-тай хамгийн ойр улсын хувьд яалт ч үгүй оновчтой арга хэмжээ авсны үр дүн. Гэвч харамсалтай нь хоёр сарын өмнөөс дотооддоо халдвар алдлаа. Үүний шалтгаан нөхцөлийг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа вэ?
Дотоодод халдвар тархсаны шалтгаан нөхцөлийг судлах, алдаа сургамжийг үнэлэх тодорхой ажил хийсэн. Эхний тохиолдол нь “Энхсаран” сувилалд голомтлон тархах байдлаар гарч, олон улсын ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн. “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсанд ямар хүмүүст хариуцлага тооцох, олон улсын ачаа тээврийн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн зөрчсөн гэдэгт тодорхой дүгнэлт хийж, олон улсын ачаа тээвэр, автозамын боомтын үйл ажиллагаанд зохион байгуулалтын олон өөрчлөлт хийнэ. “Энхсаран” сувилалд хууль хүчний байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэж тодорхой хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа. Энэ асуудал хууль ёсны дагуу шийдэгдэх байх. Хэн нь хариуцлага алдсан, ямар албан тушаалтан нөлөөлсөн, аж ахуйн нэгж өөрөө ямар алдаа гаргасан гэдгийг хууль хүчний байгууллагууд тогтооно гэж бодож байна.
Үүнтэй зэрэгцэн төмөр зам дагасан халдвар орж ирсэн. ОХУ-ын манай улстай хиллэдэг бүсүүдэд халдварын тархалт өндөр байсан. Тиймээс бид есдүгээр сараас энэ талаар тодорхой ажлууд хийж байсан ч арваннэгдүгээр сард халдвар илэрсэн. Харин одоо эхлүүлсэн ажлууд нэлээд үр дүнд хүрч байна. Хоёр талд бичиг баримтаа биечлэн солилцдог байсныг больж, цахим хэлбэрт шилжүүлсэн. Хятадын талтай ч төмөр замын зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөний бичиг баримт солилцох ажил цахим хэлбэрт шилжсэн.
Төмөр замын салбарын арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгчид халдвар хамгааллын дэглэм баримтлахгүйгээр оролцсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
Тийм зүйл байхгүй гэдгийг хууль хүчний байгууллагууд шалгаад тогтоочихсон. Төмөр замын салбарын арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгч байгаагүй гэдгийг оролцсон хүмүүсээс нь байцаалт авч, шалгаад тогтоосон байна лээ. Харин халдвар юугаар дамжсан бэ гэвэл манайхаас өдөрт хоёр агент хил рүү гардаг. Бичиг баримтаа өгч, Монголоос тэдэн вагон ийм лацтай орж ирлээ гэсэн мэдээллийг ОХУ-ын талд өгдөг гэсэн үг. ОХУ-аас орж ирж байгаа вагоны бичиг баримтыг бас биечилж авдаг. Хэдийгээр халдвар хамгааллын хувцастай ч гадаргуугаар дамжин халдварласан байж болно.
Манай улсад голомтлон тархаж эхэлсэн халдвар алаг цоог үе рүү шилжиж байна гэж ойлгож болох уу. Энэ үед ямар шат дараатай арга хэмжээ авах вэ?
Халдварын тархалт нь гурван үе шаттай байна. Нэг дэх нь манай улсад гарч байгаа үзэгдэл буюу голомтлон тархах. Хоёр дахь нь эх үүсвэр тодорхойгүй олон голомт зэрэг гарч, тодорхой түвшинд хүрвэл алаг цоог үе болно. Тандалт судалгаа, эрт илрүүлгийн шинжилгээгээр эх үүсвэр нь тодорхойгүй илэрсэн тохиолдол нийт шинжилгээний таван хувиас хэтэрвэл алаг цоог үе болж байгаа юм. Мэргэжлийн хүмүүс хотод голомтлон гарч байгаа халдварын тохиолдлуудыг алаг цоог хэмжээнд хараахан очоогүй гэж дүгнэж байгаа.
Алаг цоог үеийн дараа цар тахлын буюу нийтийн өвчлөл болно. АНУ, Европт одоо өрнөж байгаа үйл явц шиг болно гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдэд таарсан хариу арга хэмжээ, эрүүл мэндийн үйлчилгээг төлөвлөн ажиллаж байна. Хэрэв үнэхээр муу хувилбараар тооцвол, иргэдийн дунд халдвар цар тахлын хэмжээгээр тархвал бид Европ шиг иргэдээ гэрт нь эмчилнэ. Хүнд, хүндэвтэр хүмүүсээ л эмнэлэгтээ авна. Энэ үед бүх хүнд эмнэлгийн тусламж хүрэхгүй учраас өвчлөл хүндрэх, нас барах тохиолдол олон болно. Одоо бол хүнд, хөнгөн халдвартай бүх хүнээ эрүүл мэндийн салбарын бэлтгэсэн эмнэлгүүдэд авчирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тиймээс нас баралт байхгүй, хүндрэл багатай явж байна. Хэвлэл мэдээллээр “Бусад оронд иргэдээ гэрт нь 14 хоног тусгаарлаж, заавар зөвлөгөө өгч, эмчилж байна. Манайх яагаад ингэхгүй байгаа юм бэ” гэсэн. Ийм шатанд Монгол очоогүй байгаа юм. Цар тахлын хэмжээнд хүрвэл бид ч ийм арга хэмжээ авна. Европод эмнэлэг нь ачааллаа дийлэхээ больсон учраас халдвар авсан хөнгөн хүмүүсээ эмнэлэгт авахгүй байгаа юм. Манайх авах ёстой арга хэмжээгээ цаг тухайд нь авч байгаа учраас ийм шатанд хүрээгүй.
Хамгийн хүнд хувилбараар халдварын тархалтыг яаж зурагласан бэ?
Бид анх 32 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн маш хүндээр өвчилж, амьсгалын аппаратад орно, үүнээс 1000 гаруй нь нас барж магадгүй гэсэн байдлаар төсөөлж, бэлтгэлээ базаасан. Олон улсын жишиг, улс орны онцлог, хүн амын тоо, халдварын тархалт зэргээс ингэж тооцоолж үзсэн. Тиймээс хамгийн хүндээр ийм байдалд хүрэх магадлалтай гэж тооцож, нөөцийн бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа.
Одоогийн байдлаар Монгол Улсад 1400 орчим тохиолдол илэрснээс 400 гаруй нь зөөвөрлөгдсөн, 1000 орчим нь дотоодын халдвар байна. Улсын хэмжээнд 500 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 300 гаруй нь хөнгөн, бусад нь хүнд, хүндэвтэр байна. Нас баралт одоогоор байхгүй.
Халдвартай хоёр хүн нас барсан шүү дээ. Үүнийг яагаад коронавирусийн нас баралт гэж тооцохгүй байгаа юм бэ?
Халдвартай хоёр хүн нас барсан. Гэхдээ коронавирусээр нас бараагүй. Зүрх судасны суурь өвчнөөр эмчлүүлж байгаад нас барсан. Ямар өвчнөөр нас барсан бэ гэдгийг Шадар сайд эсвэл Эрүүл мэндийн сайд бодож байгаад хэлэх арга байхгүй. Энэ нь өөрөө маш нарийн аргачлалтай. Аль нь суурь өвчин, аль нь хавсарга өвчин бэ, нас баралтын шалтгаан нь юу байв гэдгийг тодорхойлох нарийн аргачлалтай. Үүнийг олон улсын байгууллага хянаж мэдээлдэг. Бид Ковидоор нас барлаа гэж хэлбэл нас барсан болж, үгүй гэвэл үгүй болдог асуудал биш юм билээ.
Улс орнууд эрсдэлтэй бүлгийн вакцинжуулалтаа эхлүүллээ. Манай улсын вакцинжуулалтыг хэзээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
Дэлхийн улс орнууд сүүлийн хоёр сарын хугацаанд вакцинжуулалт буюу нийтийн дархлаажуулалт хүртэл эрсдэл багатай даван туулах тактик ашиглаж, цар тахалтай тэмцэж байна. Дэлхийн 40 гаруй улс дархлаажуулалтын буюу вакцинжуулалтын ажлаа эхлээд байна. Улс орны нөхцөл байдал, янз бүрийн шалтгаанаар одоогоор хувь тийм ч
өндөр биш байгаа. Ерөнхийдөө Ази болон Европт 2021 оны эхний хагаст вакцинжуулалтын ажил эрчимтэй явах нь. Манай улс ч нийтийн дархлаажуулалт, вакцинжуулалт руу аль болох эрсдэл багатай хүрэхийн тулд ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ гэдгээ тооцсон. Ерөнхийдөө энэ оны нэгдүгээр улиралд багтаад бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлнэ. Тиймээс бүх нийтийн дархлаажуулалт хүртэл аль болох нийтийн цар тахал болгож, олон хүн нас баруулахгүй, эрүүл мэндийн салбарынхаа өнөөгийн чадавх, ачааллаас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж байгаа.
Вакциныг хэзээ, хаанаас оруулж ирэхээр төлөвлөж байгааг дахин тодруулъя?
Бүх нийтийг вакцинжуулах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулж, идэвхтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд бид хоёр энэ долоо хоногт дархлаажуулалт, вакцинжуулалт хийх үндэсний төлөвлөгөөг батална. Мөн эмийн хатуу зохицуулалттай орнуудад зөвшөөрсөн вакциныг Монгол Улсын эмийн үндэсний бүртгэлд бүртгэх ажлыг энэ сард багтааж хийнэ. Нэгдүгээр улиралд багтааж вакцин оруулж ирнэ. Вакциныг хаанаас оруулж ирэх, монголчууд аль вакциныг хэрэглэх вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд судалгаа дүгнэлтээ гаргаж байгаа.
Манай улс өөрөө дархлаажуулалтын хуультай. Энэ хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр дархлаажуулалт явагддаг. Дархлаажуулалтын дэд бүтэцтэй. Сум хороонд ч вакцин хийх боломжтой дэд бүтэцтэй. Дэлхийд дархлаажуулалтын арга хэмжээг сайн зохион байгуулдаг орны тоонд ордог. Тиймээс коронавирусийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалтын ажлын бэлтгэл ажлыг хангаж байгаа.
Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудыг судлах, оруулж ирэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Бид гурван чиглэлээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт, олон улсын байгууллага, ДЭМБ, UNICEF зэрэг байгууллагатай хамтарч ажиллаж байна. Эдгээр байгууллагаас бий болгосон КОВАКС буюу вакцины механизмд манай улс нэгдсэн. Энэ механизмд 184 улс орон нэгдээд байна. Энэ хүрээнд манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулна.
Хоёр дахь нь хоёр хөрш болон дэлхийн томоохон хөгжилтэй орнуудтай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд вакцин нийлүүлэх, дэмжлэг авах, мэдээ мэдээлэл солилцох зэргээр идэвхтэй ажиллаж байна. Гуравдугаарт, вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниудтай шууд харьцаж байгаа. Вакцины талаар мэдээлэл авах, зарим захиалга өгөх чиглэлээр тодорхой ажил хийж байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 462