“Замын-үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-д хөрөнгө оруулалт татах зорилгоор БНХАУ-ын Тяньжин хотын аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ

Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын холбогдох албан тушаалтнууд БНХАУ-ын Тяньжин хотод Монгол, Хятад нийт 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй  /2025.07.05/ уулзалт хийлээ.

Тус уулзалтаар хоёр тал чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж, дэд бүтэц, хууль эрх зүйн орчны талаар танилцуулгыг хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулж, мэдээлэл солилцов. Мөн хоёр тал Тяньжиний барилгын материал, өндөр технологийн шилэн бүтээгдэхүүн, ухаалаг усны систем, бэлэн хоол үйлдвэрлэл, хоолойн үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судаллаа.

Уулзалтын төгсгөлд талууд чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техник технологийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэл логистикийн уялдаа холбоо, хууль эрх зүйн орчныг улам сайжруулахад тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар харилцан ярилцаж, хамтран шийдвэрлэх арга замуудыг тодорхойлсон бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд  чөлөөт бүсэд хэрэгжүүлж болох төслүүдийг танилцуулан, цаашид  хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА