Эдийн засгийг хурдасгах чөлөөт бүс…

Хөрсөн дээр буусан ч…

Худалдааны чөлөөт бүсийн тухай ойлголт дэлхий дахинд 2000 гаруй жилийн өмнө бий болжээ. Ингэхдээ гол төлөв алс нутагт байгуулж, төрийн зүгээс онцгой анхаарч бий болгосон дэд бүтцийг түшиглэн хөгжүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 70-80 хувийг гадагш гаргадаг байж. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи, ноу хауг татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүчээр солих бодлого байжээ.

Тухайлбал, одоогийн Турк улсын нутаг дэвсгэрт оршиж байсан “Эфесус” боомтод худалдаачдыг найрсгаар хүлээж авдаг байсан нь тус бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг байна. Далайн боомтуудыг чөлөөт боомт болгон ашиглах туршлага хэдэн зуун жилийн өмнөөс бий болсноор бараа эргэлтийг эрчимжүүлсэн төдийгүй Хонконг, Сингапур зэрэг хот улс бий болоход нөлөөлжээ.

Ийнхүү дэлхий дахинд 2000 гаруй жилийн өмнө бий болсон ойлголтыг манай улс 24 жилийн өмнөөс нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн байдаг.

Тодруулбал 1995 онд “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг анх баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлжээ. Улмаар Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуурт чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. 24 жилийн өмнө цаасан дээр барьж эхэлсэн эдийн засгийн чөлөөт бүс саяхнаас л хөрсөн дээрээ бууж байгаа ч хараахан бүрэн хэрэгжээгүй л байна.

Аливаа улс орлого, төсвөө зузаатгаж бараа эргэлт, эдийн засгийн хөгжлөө хурдасгахын тулд “Эдийн засгийн” чөлөөт бүс ажиллуулдаг. Энэ бүсийг урамшууллын онцгой тогтолцоог багтаасан үндэсний эдийн засгийн орон зайн хэсэг гэж ойлгож болно.

Цагаан дээр хараар бичсэн хууль болоод үзэл баримтлалын олон заалт бий. Тодруулбал, Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-д Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн холбоо, эрчим хүч, зам тээвэр зэрэг үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтэц шинээр бүрдүүлэх буюу сайжруулах. Чөлөөт бүсийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллага чөлөөтэй, итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин бий болгох гэжээ. Энэ үүргийг гагцхүү төр л биелүүлэх учиртай. Хариулт нь маш энгийн. Дэлхийн бүх улсад “Чөлөөт бүсэд шаардлагатай бүхий л дэд бүтэц”- ийг төр бэлэн болгох үүрэг хүлээдэг. Харин шууд очоод бизнесээ хийж, ашгаа олох нь аж ахуйн нэгж, бизнесийнхний үүрэг. Чөлөөт бүсээ хөгжлийн хурдасгуур болгоё гэвэл төрийн зоримог шийдвэр, хэрэгжилт хэрэгтэй байгаа юм. Засгийн газраас оруулсан асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ хойрго хандаж байсан тал ч бий. Ямар сайндаа л чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг асуудлын дараалалд оруулах гэсэн Шадар сайд “Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөх шаардлагыг би тавьсан. УИХ-ын дарга ч, 0асгийн газрын зарим гишүүд ч тоохгүй байсан учир хоёр гишүүний картыг сугалсан. Асуудлаа даруй шийдье л гэсэн хэрэг. Ажил урагшилж байх ёстой” хэмээн ярьж байхав.

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр УИХ- ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. 2015 оны шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгасан байдаг аж.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: Бидэнд хоёр хувилбар байсан. Нэгдүгээрт, БНХАУ-тай адилхан хилийнхээ зурваст тулгаад чөлөөт бүсээ байгуулах. Хоёрдугаарт, одоогийн энэ хувилбар. Энэ хувилбараар бол чөлөөт бүсээ хооронд нь хоолойгоор холбох юм. Яагаад хоёр дахь хувилбарыг нь сонгосон бэ гэхээр “Хилийн зурвас руугаа тулгаад байгуулахад цаг хугацааны хувьд арай эрт байна” гэж үзсэн юм. Ялангуяа ҮАБЗ-ийн ажлын албанаас удаа дараа ирүүлсэн зөвлөмж, сануулгад “Энэ бол боломжгүй шүү” гэдгийг хэлж байсан. Тиймээс эхний ээлжид хоолойгоор холбоод үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Тодорхой хугацааны дараа хилийн зурвас руугаа тулгаад үйл ажиллагаа явуулах боломжтой. Ингэж нийлүүлж үйл ажиллагаа явуулах нь аль ч талаасаа хэрэгтэй. Хамгийн наад зах нь нэмэлт зардал багасна. Манай улсын хууль тогтоомжид хил дамнасан чөлөөт бүс гэсэн нэр томьёо бий. Үүнийг ажлын хэсгийн гишүүд, ҮАБЗ-ийн ажлын алба, Гадаад харилцааны яам зөв нэр томьёо биш гэж үзээд байгаа. Тиймээс БНХАУ-ын талтай ярьж байгаад хил орчмын хамтын ажиллагааны бүс хэмээн нэрлэхээр болсон.

“Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Одоогоор Азийн хөгжлийн банкнаас Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх төслийн чадавхийг бэхжүүлэх, төслийн бэлтгэл ажлыг хангах ажил үйлчилгээний техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн худалдааны байгууллагаас тодорхойлсноор дэлхийн хоёрдугаарт орох зах зээл БНХАУ-ын эдийн засагт бараагаа нийлүүлэхээр хаа байсан АНУ болон Австралиас зорин ирж байхад бид байгалиасаа хөрш болон заяагдсан байдаг. “Хажуу дахь эрдэнэ” болсон эдийн засгийг ашиглаж, ашиг хүртэх нь бидний зорилго. Иймээс Монголчууд бидний урд хаалга болох “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжил юу юунаас илүү чухал. Энэ боломжийг бид алдах эрхгүй. Чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй төсөвт хөрөнгө оруулдаг газар байх ёстой. Зах зээлийн хараа өргөн байх нь ирээдүйн хөрөнгө оруулалтыг татах нэг боломж. Энэ боломжийг төр нь бүрдүүлдэг зарчим олон улсад бий. Төрийн зүгээс эрх зүйн хувьд бүрдүүлээд байгаа хэдий ч замд нь саад тохиолдсоор байгаа юм. Чөлөөт бүсийн ажилд богино бодлоор хандаж үр өгөөжийг тооцоолохгүйгээр попорч буй улстөрчид ч бий. Ажил хойшилж, алдаа гарвал поп мэдэгдэл хийсэн улстөрч л ганцаараа сонгуулийн оноо авах бол харин чөлөөт бүс урагшилвал үр шимийг нь олноороо хүртэх билээ.

Алтанбулаг чөлөөт бүсэд гэхэд л Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүс нь байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн. Өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд бараа болоод зорчигчдын тоо 5 дахин өссөн нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Замын-Үүд  чөлөөт бүсийн захирагч И.Батнасан:  Чөлөөт бүсийг цогцоор нь байгуулахад 400 гаруй сая ам.доллар шаардлагатай. Үүний хажууд 60 орчим сая ам.доллар бага мөнгө. Гэхдээ бид бага мөнгө гээд зүгээр суугаагүй, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна. Дэд бүтцийг хариуцах санхүүжилт, гарах зардлыг нөхөж явах учраас төрийн бүтцийн байгууллага байгуулах шаардлага бий. Үүнийг дагаад тэдгээрт ажиллах хүн хүч, цалин хөлс гээд тодорхой хэжээний төсөв хэрэгтэй. Ажиллаад эхлэхээр урсгал зардал, санхүүжилтийг хэрхэн хангах вэ гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагынхан судалж байна. Яарах сэтгэл хүн бүрт байгаа ч долоо хэмжиж нэг огтолж байж хийх хэрэгтэй. Аливаа тооцоолол, төлөвлөлтийг буруу гаргачихвал өмнөх ажлаа үгүйсгэсэн болно.

ХИЛ ДАМНАСАН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦЫН ОН ДАРААЛАЛ

2014.08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин “Харилцан ойлголцлын санамж бичиг”

2014.09

Тажикстан улсын Душанбе хотод анхны гурван улсын уулзалт зохион байгуулагдаж Хятад, Орос, Монголын Эдийн Засгийн Коридор байгуулах боломжтой гэж үзэн, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх нь чухал хэмээн тэмдэглэсэн.

2015.07

ОХУ-ын Уфа хотод “Эдийн Засгийн Коридор Байгуулах Санамж Бичиг” байгуулсан.

2015.11.05

Монгол Улсын Ерөнхий сайдын 216 дугаар захирамжаар Замын-Үүд-Эрээний боомтыг түшиглэн хил дамнасан бүс байгуулах “АЖЛЫН ХЭСЭГ” байгуулсан.

2015.11.24

Аж үйлдвэрийн яамны ТНБД-ын 281 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь ТЭЗҮ, эрсдэлийн менежментийн ба үнэлгээ боловсруулах ажлын даалгаварыг баталж, Сентрополис ХХК хийж гүйцэтгэн.

2016.03.12

Замын-Үүд чөлөөт бүсийн ЗАА-нд хүлээлгэн өгсөн.

2016.05

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНХАУ- ын Худалдааны сайд Гао Хучөн Замын- Үүд – Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн асуудлын ерөнхий төлөвлөгөө

2016.06

Узбекстан улсын Ташкент хотноо “ОХУ-Монгол- БНХАУ-ынЭдийн Засгийн Коридор” байгуулах хөтөлбөр баталж 3 асуудал, 32 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон.

2018.01.19

Монгол Улсын Ерөнхий сайдын 16 тоот захирамжаар Хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн шинэчлэн байгуулсан.

2018.02.13

Монгол Улсын Шадар сайдын 11 тоот тушаалаар хууль эрх зүйн орчин, хяналтын механизмыг судалж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг, хил дамнасан чөлөөт бүс байгуулснаар Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалж санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг, хил дамнасан чөлөөт бүсийн дэд бүтэц, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий 3 дэд ажлын хэсгийн байгуулав.

2018.04.08

Монгол Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд санамж бичиг байгуулалаа.

2019.03.11-12

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Хятадын талтай хэлэлцэн тохиролцохоор Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаагаар ахлуулсан баг “Замын-Үүд- Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэв.

2019.06.04

Хоёр улсын Засгийн газрын төлөөлөл “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

2019.10.08

“Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Source: www.eagle.mn

С.Сосоржав

Leave a Reply