“Хөдөлгөх” гэж буй чөлөөт бүс

“ХӨДӨЛГӨХ” ГЭЖ БУЙ ЧӨЛӨӨТ БҮС-1: УЖГИРСАН ЗАНГИЛААНУУД

Монголын эдийн засгийн бусад чөлөөт бүстэй харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн нь “Замын-Үүд”.

Дулааны станц, зам дэд бүтэц барихад дотоод, гадаадын 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг зарцуулж, чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгджээ.

Нэгэнт хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэх хэрэгтэй. Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чөлөөт бүс чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ялангуяа  “Замын-Үүд” чөлөөт бүс олон улсын тээвэр ложистикийн төв болох боломжтой учраас  эдийн засгийн хувьд өргөн хүрээнд харж, ирээдүйн өгөөжийг нь тооцон, чөлөөт бүсийн үйл ажиллагааг түргэн шуурхай эхлүүлэх хэрэгтэй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан газар дээр нь ажиллах үеэрээ онцолсон юм.

Шадар сайдаар томилогдсоноос хойш Улсын онцгой комиссыг удирдаж, сайн, муу хэлүүлэн, цар тахлын аюултай тэмцэж буй тэрбээр нөр ажлынхаа хажуугаар эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхөд анхаарахаа умартсангүй.

Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албад Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Тэгэхээр чөлөөт бүсийг хөгжүүлэхэд сэтгэл гарган, бодлого боловсруулж ажиллах номер нэг хүн нь С.Амарсайхан.

“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах шийдвэрийг 2004 онд гаргаж, ажлыг нь эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш 17 он улирчээ. Харин чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэнгүй.

Чөдөртэй хэмээгддэг чөлөөт бүсүүдийг тэгвэл өдгөө “хөдөлгөх” учиртай хүн нь С.Амарсайхан болоод байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллах үедээ хууль бусаар олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах, утаатай тэмцэхийн тулд угаартах тохиолдлыг бууруулах гэх мэт зоримог шийдвэр гаргаж явсан тэрбээр нэгийг бодож, хоёрыг тунгаахаар “Замын-Үүд” чөлөөт бүсийг зорьсон биз ээ.

Тэрбээр “Замын-Үүдийн дулааны станц”-тай танилцахынхаа өмнө Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газарт Дорноговь аймгийн удирдлагуудын коронавирустай хэрхэн тэмцэж буй, Замын-Үүд-Эрээн боомтын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл сонссон.

Энэ үеэр түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрүүлэх ачааны автомашины тоог 50-аар нэмэгдүүлж, 150-д хүргэх тохиролцоог хятадуудтай хийсэн таатай мэдээг дуулсан юм.

Мөн “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд зочилж, хийж хэрэгжүүлж буй ажил, бодож төлөвлөж буй зүйлсийнх нь талаар мэдээлэл сонссон. Энэ талаар “Хөдөлгөх” гэж буй чөлөөт бүс” цувралын дараагийн хэсэгт дэлгэрэнгүй өгүүлэх болно. Тэндээс та “Замын-Үүд” чөлөөт бүсийн үүд хаалга нээгдэхээр дуншиж эхэлснийг ойлгох болов уу.      

Олон улсын тээвэр ложистикийн төв болох боломжтой “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд олон зангилаа асуудлын шийдлийг олох учиртай.

Тэдгээрийн нэг нь Шадар сайдын томилолтын багийнхны дотор, гадаргүй сонирхсон “Замын-Үүдийн дулааны станц”-ыг ажиллуулж эхлэх юм. БНХАУ-аас 50 сая ам.долларын хөнгөлттэй зээл авч, Засгийн газар 8.8 сая “ногоон”-ыг нь мөнгөн бус хэлбэрээр санхүүлж Замын-Үүдэд хөрөнгө оруулсан. Уг хөрөнгө оруулалтын дийлэнхийг 90 МВт-ын хүчин чадалтай “Замын-Үүдийн дулааны станц” барихад зориулжээ.

Шивээ-Овоогийн уурхайн илчлэг багатай хүрэн нүүрсэнд тохируулан тоноглосон цахилгаан станцыг хятадууд 2015 онд ашиглахад бэлэн болгосон. Гэвч ажиллуулалгүй өдийг хүрчээ. “Замын-Үүдийн дулааны станц” нь “Амгалан дулааны станц”-аас хүчин чадал нь гурав дахин бага ч технологи нь яг адилхан гэнэ.

“Амгалан”-гийн дүү станцыг ажиллагаанд оруулахад 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэнэ.

Эл хөрөнгөөр станцын туршилт тохируулгыг хийчихвэл цаашдаа тасралтгүй ажиллах юм. Мэдээжийн хэрэг хятадууд ирж станцыг ажиллагаанд оруулж өгөх үүрэгтэй. Гэвч санхүүжилтгүйгээс гацаанд оржээ.

Уг станцын тус бүр 30 МВт хүчин чадал бүхий гурван  зуухны нэгийг ажиллагаанд оруулахад Замын-Үүдийг дулаанаар хангах гэнэ. Замын-Үүд сум нь 16 уурын зуух галлаж, дулаан үйлдвэрлэдэг.

Жилд 20 МВт чадал хэрэглэдэг юм байна. Станцаа ажиллуулбал Замын-Үүдийг дулаанаар хангаад зогсохгүй чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт өрнүүлэх хөшүүрэг болох нь дамжиггүй.

Халаалт, цэвэр, бохир усгүй зэлүүд газарт хэний ч хөрөнгө оруулах сонирхол төрөхгүй нь лавтай. Тиймээс чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх чухал ажлын нэг нь дулааны станцыг ажиллуулах нь яах аргагүй мөн.

Шадар сайд С.Амарсайхан Дулааны цахилгаан станцыг энэ намартаа багтааж хөрөнгийг нь шийдвэрлэж, ажиллагаанд оруулна гэж Дорноговь аймаг, “Замын-Үүд” сумын удирлага, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаныханд дуулгав.

Чөлөөт бүсийг хангах усны нөөц тогтоож, цэвэршүүлэх үйлдвэр, 110/10 кВ цахилгааны дэд станц, цэвэрлэх байгууламж, цэвэр усны өргөгч насос, 13.5 км хатуу хучилттай зам тавиад буй. Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр “Чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг хангах дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламжийн төслүүд бүгд өөр хоорондоо уялдаатай. Станцыг ажиллуулж эхлэнгүүт бүгдийг нь ашиглах боломжтой болно” гэж ярьсан. Мэдээжийн хэрэг дулааны станц бол барилга байгууламж, бүтээн байгуулалтыг “амилуулах” чухал дэд бүтэц байх нь гарцаагүй.

Замын-Үүдэд зун эрт айлсжээ. Өвөл цас их унасан учраас ургамал ногоо сайн дэлгэрсэн гэнэ. Говь нутгийн үндсэн өнгө улаан шаргал байдаг бол Замын-Үүдийг бараг л ногоон туяа бүрхжээ. Уудам говийн жижигхэн энэ дайдад чөлөөт бүсийн хашаа зурайна. Энд эдийн засгийн хүчирхэг төв үүснэ гэж төсөөлж үзлээ.

Үйлдвэр, худалдааны төв, банк санхүүгийн байгууллагын барилгууд сүндэрлэж, түм түжигнэн, бум бужигнасан, машин тэрэг холхилдсон суурин болох нь ойлгомжтой. Энд үйлдвэрлэсэн барааг татваргүйгээр худалдан авч, зүг бүрт тээвэрлэнэ. Бараа, бүтээгдэхүүнийх нь үнэ ч хямд байна. Татваргүй бүсээс худалдаж авсан учраас хямд байх нь аргагүй. Чөлөөт бүсийн гол онцлог тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бараг татваргүй үйл ажиллагаа явуулдагт оршдог.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тэнд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд ажиллагсад Замын-Үүдэд суурьшин амьдрахаар тодотгон хийх гэж буй гэнэ. Налайх дүүргээс Улаанбаатарт ирж ажиллаад оройдоо буцдаг хүмүүс бий. Тэдэн шиг өглөө чөлөөт бүсэд нэвтэрч ажиллаад оройдоо гарна гэсэн үг. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, иргэд дээд тал нь 24 цаг л чөлөөт бүс дотор байх бөгөөд дотогш орсон  хүмүүсийг энэ хугацаанд нүүр таних төхөөрөмжөөр бүрэн хянах технологийн шийдлийг мөн нэвтрүүлж байгаа аж.

Тэгэхээр Замын-Үүд том хот болно. Өдгөө Замын-Үүдийн айлууд хашаа хороо хазгай мурий, хөгшин нохойны унаад дуусаж буй шүд шиг хайш яайш харагддаг. Энэ навсгар суурин өндөр барилга өргөн талбайнуудтай сайхан хот болж хөгжих биз ээ. Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн тохиолдолд Замын-Үүдийн хөгжил дагаж урагшилна.

Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх, цаашлаад хөгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах шаардлага бий. Манай улс БНХАУ-ын Засгийн газар хооронд Замын-Үүд болон Эрээнийг холбосон чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг баталжээ. УИХ-аар соёрхон батлуулах гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн хөлийн цэцэд маргаан үүсгэсэн байна. Хуульчид УИХ соёрхон батлаагүй учраас хууль гэж үзэхгүй. Тиймээс Үндсэн хууль зөрчөөгүй гэж зарчмын тайлбар хийж буй.

Тэгвэл Засгийн газар асуудлыг угтуулан тавих байдлаар өөр өнцгөөс шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэнэ. Ингэснээр Үндсэн хууль зөрчсөн гэх маргаанаас зайлсхийх аж.

Тэгэхээр эхлээд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, дараа нь Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрээ УИХ-аар соёрхон батлуулах юм байна. Ингэвэл чөлөөт бүсийн эрх зүйн орчны суурь зөв тавигдах нь ээ. Үүнээс гадна Монгол Улсын Шадар сайдаар Чөлөөт бүсэд дагаж мөрдөх нийтлэг журмыг батлуулах шаардлагатай. Хууль, хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээ, журмыг баталсны дараа чөлөөт бүсийн эрх зүйн зураг тодорхой болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын явах зам тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдыг таатай “аялуулах” зам тавих ёстой.

Чөлөөт бүсийн тухай хуулийг анх 1996 онд баталсан гэж тооцвол энэ талаар 25 жил ярьжээ. Хамгийн их хөрөнгө шингээсэн гэж буй “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажил зуун задгай байна. Ихээхэн хөрөнгө оруулалт татаж, цаг хугацаа зарцуулан, олон ажил хийх шаардлагатай нь илэрхий.

Эдийн засгийн чөлөөт бүс олон жил гацсан шалтгааныг С.Амарсайхан “Эхлүүлсэн ажлаа тогтвортой, үе шаттай, эрэмбэ дараа, эмх цэгцтэй явуулах бодлого дутсан. Эрх зүйн орчноо сайжруулах, бүрдүүлэх тал дээр цаг хугацаа алдсан. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах дэд бүтцийн баталгаатай орчин бүрдүүлж чадаагүй” гэж товчхон дүгнэв.

Чөлөөт бүсийг хөдөлгөхгүй чөдөрлөчихөөд байсан этгээд төр өөрөө юм биш үү. Төрийн эс үйлдлээс шалтгаалж, эдийн засгийн чөлөөт бүстэй болно гэсэн хоосон яриа өнөөг хүртэл хөвөрчээ гэж дүгнэж болох нь. Иймд өдгөө Чөлөөт бүсийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэж, УИХ-ын намрын чуулганд оруулж шийдүүлэх ажлыг тэрбээр хариуцах юм байна.

Шадар сайдын хийх ёстой бас нэгэн ажил нь “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар батлуулах юм. Тус чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд баталсан. Тухайн төлөвлөгөөнд чөлөөт бүсэд суурьшлын бүс үүсгэхээр тусгасан байна.

Төлөвлөгөөг тодотгож, суурьшлын бүс үүсгэхгүй байхаар зураг төлөвлөлт хийх нь. Мөн орчин үеийн хандлагатай нийцүүлэх нь тодорхой. Ийнхүү чөлөөт бүсийн өнгө төрхтэй танилцсан С.Амарсайхан сайд өмнөө тавьсан зорилгодоо хүрэх арга зам, шийдлээ бодитоор тодорхойлж аваад Замын-Үүдээс мордсон. Дээрх олон жил ужгирсан зангилаануудыг тайлж чадвал чөлөөт бүсийн хөгжил дэлэм урагшлах нь мадаггүй.   

“ХӨДӨЛГӨХ” ГЭЖ БУЙ ЧӨЛӨӨТ БҮС-2: ОДОО БАРЬЖ АВААД ХИЙНЭ       

“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг ойрын үед албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэнэтийн ямар нэгэн зүйл тохиолдохгүй бол ирэх долдугаар сард нээнэ. Хараад суудаг биш барьж аваад хийдэг байх ёстой. Одоо барьж аваад хийнэ.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаныхан, чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй өмнө нь хэд хэдэн удаа уулзсан. Энэ удаа газар дээр нь ирж чөлөөт бүсийн нөхцөл байдлыг дүгнэж, та бүхэнтэй уулзаж байна.

Миний энд ажиллаж байгаа шалтгаан нь Засгийн газарт ямар арга хэмжээ авах талаар асуудал оруулах зорилготой юм. Боломжит бүх хувилбараар чөлөөт бүсийн ажлыг урагшуулна. Чөлөөт бүсээ “хөдөлгөх” хэрэгтэй. Одоо хөдөлгөцгөөе” гэж Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Замын-Үүд” чөлөөт бүсийн захиргааны байранд уулзалт хийх үеэрээ хэлэв.

“Одоо барьж аваад хийнэ” гэсэн түүний зоримог үгийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захиргааны танхимд цугласан Дорноговь аймаг болон Замын-Үүд сум, хил, гаалийн албаны удирдлага, чөлөөт бүсийн зөвлөлийнхөн сонссон.

Нийгэм, эдийн засагт тулгамдсан, ужгирсан аливаа асуудлыг шийдвэрлэх, хөгжил дэвшил авчрахад улс төрийн хүсэл эрмэлзэл хэчнээн чухал болохыг Улаанбаатарын утааг бууруулсан жишээнээс бид харсан. Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагууд утааг буурахаар олон жил ярьж, өчнөөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн 800 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлшний үйлдвэр барьснаар утааг үлэмж хэмжээгээр багасгаж чадсан билээ. Чөлөөт бүсийн тухай хуулийг 1996 онд баталсан.

Түүнээс хойш чөлөөт бүс байгуулах тухай яриа 25 жил өрнөжээ. “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсийг 2002-2005 онд байгуулсан. Гэтэл өдий хүртэл нэг нь ч үүдээ нээгээгүй. Эцэст нь чөдөртэй чөлөөт бүсүүд гэсэн хоч зүүгээд хоцорсон. Тэгвэл чөлөөт бүсүүдийн чөдрийг тайлах улс төрийн хүсэл эрмэлзэл Шадар сайд С.Амарсайханд байгаа нь харагдав.

Тэрбээр “Замын-Үүд” чөлөөт бүсийг дотоодын төдийгүй гадаадын чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаатай уялдуулан олон улсын түвшинд ажиллуулах цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ зорилгодоо хүрэхийн тулд олон ажлыг эрэмбэ дараатай хийх хэрэгтэйг уулзалтын үеэр онцолсон.

https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3c1cac6357470c%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff32fcd9fc96148c%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F28br&layout=quote&locale=en_US&sdk=joey Чөлөөт бүсийн тухай хуулиа боловсронгуй болгох, холбогдох дүрэм журмаа батлах, чөлөөт бүсийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тодотгол хийх, БНХАУ-ын талтай байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах, чөлөөт бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт арга хэмжээ зайлшгүй хэрэгжүүлэх учиртайг дурдсан. Тухайлбал, “Замын-Үүдийн дулааны станц”-ыг ажиллуулж эхлэх шаардлагатайг байгааг цохон тэмдэглэсэн юм.

Чөлөөт бүсийн дэд бүтцийг байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд санхүүжилт хийх хэрэгтэй. Шадар сайдын ажлын алба Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлж буй. Энэ нь олон нийтэд төдийлөн хүрээгүй агаад анхаарал татах мэдээлэл юм. Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр уулзалтад оролцогчдод мэдээлэл өгөхдөө энэ талаар дэлгэрэнгүй хөндлөө. 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу уг төслийг өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн нийт зардал нь 35.76 сая ам.доллар аж. Үүний 30 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх бол 5.76 сая “ногоон”-ыг нь Монголын Засгийн газар гарах юм байна. Дээрх төслийн хөрөнгө оруулалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсэд гурван бүрэлдэхүүн хэсэгтэй төсөл хэрэгжүүлэх нь.

Эхний бүрэлдэхүүн хэсэг нь дэд бүтэц болон барилга байгууламж барьж ашиглалтад оруулах аж. Энэ хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсэд дөрвөн эгнээтэй шинэ гол замыг иж бүрнээр нь тавьж, инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээ татан, хог дахин боловсруулах үйлдвэр, аюулгүйн зурвас хашаа, орц, гарц барих гэнэ. “Замын-Үүд” чөлөөт бүсийг 900 га газарт байгуулахаар төлөвлөсөн.

Төслийн хүрээнд үүний 300 га-д нь инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээ татах юм байна. Өөрөөр хэлбэл, одоо татчихсан байгаа гол шугамнаас салбарлуулан, барилга байшин барих газарт нь хүргэнэ гэсэн үг. Одоогоор 58 аж ахуйн нэгж, чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл эрхлэхээр газар авчээ. Төсөл хэрэгжиж, эзэмшил газар руу инженерийн шугам сүлжээг татах нь тодорхой болсон учраас тэд одооноос бүтээн байгуулалтаа эхлүүлэх биз.

Удаах бүрэлдэхүүн хэсэг нь тогтвортой менежмент, үйл ажиллагааг дэмжих зөвлөх үйлчилгээ авах юм байна. Зөвлөх компани төр, хувийн хэвшлийн тогтвортой үйл ажиллагаа, худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг дэмжих менежментийг хийж, бизнес зах зээлийн стратеги боловсруулах аж. Энэ нь чөлөөт бүсийг менежментийг өмнө нь чөлөөт бүсэд ажиллаж байсан туршлагатай этгээдийн гарт өгнө гэсэн үг.

Монголчуудад эдийн засгийн чөлөөт бүсийн менежмент хийж байсан түүх байхгүй. Тиймээс чөлөөт бүсээ хурдацтай хөгжүүлэхийг зорьж байгаа л бол гадаадын туршлагатай этгээдийг хөлслөхөөс өөр аргагүй.

Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах юм. Энэ хүрээнд зорчигч, тээврийн хэрэгслийн хяналтын систем, хилийн менежментийн мэдээллийн нэгдсэн сан байгуулна. Чөлөөт бүсийн боомтод хүнийг хурууны хээ, нүүрний зургаар таньж нэвтрүүлэх цаг хэмнэх дэвшилт систем суурилуулах аж.

Ийм систем суурилуулснаар чөлөөт бүс дотор зорчиж яваа хүнийг ч хяналтын камерын тусламжтайгаар хэн болохыг нь таних боломжтой гэнэ. Хилийн менежментийн мэдээллийн нэгдсэн сан байгуулснаар гааль, хилийн хяналтын байгууллагууд нэг газраас бүх мэдээллээ авах боломж бүрдэх аж.

Зорчигч хилийн хяналтын бүх байгууллагад мэдээллээ өгөх шаардлагагүй болно гэсэн үг. Бүх байгууллага нэг сангаас тухайн хүний мэдээллийг харах боломж ийн бүрдэх нь.

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийг 2025 онд хүртэл хэрэгжүүлнэ. Уг төслийг хэрэгжүүлж дууссаны дараа “Замын-Үүд” чөлөөт бүс хөгжлийн сууриа бодитоор тавьж, хурдтай тэлэх замдаа шуударна.

Ийнхүү чөлөөт бүсийн гарааны санхүүжилт бэлэн болжээ. Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр Замын-Үүд сумын засаг, захиргаа, чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, хөрөнгө оруулагч гурав ямар үүрэг, хариуцлагатай байх, чөлөөт бүсийг хөгжүүлэхэд яаж оролцохоо хуваарилж авахыг сануулсан. Ажил үүргээ хуваарилаад дор бүрнээ хариуцлагатай байвал чөлөөт бүсийн хөгжил хурдсах нь дамжиггүй.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаныхан 2026 он гэхэд чөлөөт бүсэд 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулах эрэлт нэмэгдэж, 5000 ажлын байр бий болсон байна гэж тооцжээ.

Тэгвэл 2031 онд гэхэд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэж, чөлөөт бүсэд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрч, 42 мянган ажлын байр бий болно гэж төсөөлж байна. Ийм амжилтад хүрэхийн тулд Шадар сайдын тодотгосноор Засгийн газар, орон нутгийн удирдлага, чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, хөрөнгө оруулагчид бүгд чөлөөт бүсийг хөгжүүлэх тал дээр үр бүтээлтэй ажиллах шаардлагатай.

Зарим эх сурвалж БНХАУ АНУ, Австрали гэх мэт оронд хориг арга хэмжээ тавьж буй. Хариу хориг арга хэмжээнд орвол бараа, бүтээгдэхүүнээ тэдэнд борлуулж чадахгүй.

Тиймээс Азийн хөгжлийн банкаар дамжуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх санхүүжилт хийж байна. Өөрөөр хэлбэл, Монголын чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх “нүхээ малтаж” байна гэж дүгнэдэг.

Энэ таамаглал үнэн бол бидэнд л ашигтай. Чөлөөт бүс хөгжиж улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж эхэлнэ. Монголын экспорт л нэмэгдэнэ. Эдийн засаг төрөлжинө. Тиймээс чөлөөт бүсийг хөгжүүлэх ажлыг барьж авч хийхээр зориг шулуудсан хүнтэй маргахгүй биз.

Эх сурвалж: ikon.mn

Нийтлэлийг бичсэн: Сэтгүүлч Т.Энхбат