“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан, Ажлын албаны дарга М.Энхбаяр тэргүүтэй бүрэлдэхүүн 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн ордны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын эхний өдөр Эрээн хот дахь чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай танилцсан бөгөөд цэвэр ус, цахилгаан эрчим хүч, газар доорх шугам сүлжээний ажил дуусах шатандаа явж байна. 2018 онд багтааж дэд бүтцийн багц ажлуудаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Уулзалтын хоёр дахь өдөр Ардын Засгийн газрын ордонд Эрээн хотын захиргааны орлогч дарга Гуо Пин Ван тэргүүтэй Худалдааг дэмжих хороо, Газрын алба, Худалдааны газар, Барилга, хот байгуулалтын газар, Хилийн шалган байцаах газар, Гаалийн орлогч дарга, Байгаль орчны дарга, Боомтын албаны дарга зэрэг албаны хүмүүстэй “хил дамнасан бүсийн хамтын ажиллагаа”-ны талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын төгсгөлд сар болгон 2 талын уулзалт тогтмол зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож байхаар тохиролцлоо.