Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэх төрийн ёслоын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон бол өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: “Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биелэлээ олж байгаад баяртай байна. Тэр үед ОУ-ын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, агаар орчны бохирдлыг арилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье” гэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хэлэхдээ: “Хүндэт ерөнхий сайд болон бусад зочид та бид ийм чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтад хүлээлгэж өгөх болно. ОУ-ын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлийн нэг хэсэг юм“ гэв.
Эх сурвалж: www.zasag.mn
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА