ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Захирагч Т.Есөнтөмөр өнөөдөр /2026.04.23/ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын Эдийн засаг хөгжлийн яамны Монгол дахь төлөөлөгч, хатагтай Юрченко Вероника Юрьевна, Эдийн засгийн атташе Догдомэ Баир Владимирович нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар төлөөлөгч нарт “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, харилцан сонирхсон асуудлаараа санал солилцлоо.

Захирагч Т.Есөнтөмөрөөс гурван улсын хооронд байгуулсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад Оросын талтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Оросын талаас тус бүсэд Оросын Холбооны Улсын аж ахуйн нэгжүүд оролцох сонирхолтойгоо илэрхийлж, сонирхсон асуудлаар хариулт авлаа.

Уулзалтад Захирагчийн Ажлын албанаас Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Чулуун-Эрдэнэ, Гэрээ эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сардана нар оролцов.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА