“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2019.04.10) хуралдаан 14 цаг 31 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, тодорхой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Үүнд:

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд хүргэх  2019 оны үндсэн чиглэлд Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 80 хувьд хүргэх  зорилтууд тусгагдсан.

Энэ үндсэн дээр “Замын-Үүд” чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох, үндсэн чиглэлүүдэд дэвшүүлсэн бүсийн зорилтыг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулах асуудал чухал бөгөөд энэ чиглэлд талууд анхаарч, тодорхой алхмууд хийгдэж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулж, 2016 оны 5 дугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн Ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 16 дугаар захирамжаар Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж ажилласан. Уг ажлын хэсэг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчны угтвар нөхцөл бий болсон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 04 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр “Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хоёр улсын яамдын хооронд байгуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 онд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулж, төслийг хэд хэдэн удаа Засгийн газрын түвшинд хэлэлцсэн юм.

Хятадын тал 2019 оны 02 дугаар сард манай Засгийн газраас хүргүүлсэн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, тодорхой санал ирүүлснийг Ажлын хэсэг дахин боловсруулж, холбогдох яамдын санал авч, төсөлд тусган 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хятадын талтай ойлголцлын зөрүүтэй зарим асуудлаар хэлэлцээ хийж, харилцан тохиролцохыг даалгасны дагуу хоёр талын Ажлын хэсэг энэ оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Бээжин хотноо хэлэлцээ хийсэн. Энэхүү уулзалтаар хоёр талын Ажлын хэсгүүд ойлголцлын зөрүүтэй болон тодорхой бус байсан зарим асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, хэлэлцээрийн төслийг үзэглэснийг Засгийн газар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн.

Энэхүү хэлэлцээрийн төсөл Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор дэмжигдсэн тохиолдолд энэ оны 04 дүгээр сарын сүүлчээр төлөвлөгдөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурах боломжтой бөгөөд  хэлэлцээр нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын Хөгжлийн зам  хөтөлбөр болон БНХАУ-ын  Бүс ба Зам  санаачилгын уялдааг хангах, харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.

Хуралдааны үеэр  хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцууллаа.

-Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбодуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Х.Баделхан, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс аль тэртээ 1995 онд эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, улмаар энэ тухай хууль баталж шинэчлэн багагүй хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч хэлэлцээр байгуулах ажил удаан явагдаж, санамж бичиг байгуулах төдийгөөр хязгаарлагдаж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудалд тодорхой ахиц дэвшил гарч, хоёр талын Ажлын хэсгүүд идэвхтэй хамтран ажилласнаар хэлэлцээрийг үзэглээд байна.

Манай улс анх удаа хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа учраас энэ ажлыг анхнаас нь зөв эхлүүлэх нь чухал гэж үзэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ үүднээс 2019 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгасан, цаашдаа жил жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгагдаад явна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тодорхой асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа. Хэлэлцээр байгуулагдсанаар хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжих эрх зүйн боломж бүрдэнэ. Бүсийн ерөнхий төлөвлөлтийг эцэслэн гаргана. Цаашдаа бүсийн үйл ажиллагаа худалдаа-үйлдвэрлэл-аялал жуулчлал гэсэн үе шаттайгаар хэрэгжээд явна гэдгийг тодотголоо. Мөн гишүүдийн асуултад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн болон Шадар сайдын ажлын албаны зөвлөхүүд, гааль, татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар, тодруулга өгсөн юм.

Мөн Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл нь 7 бүлэг, 24 зүйлтэй. Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгааг хууль санаачлагч дурдаж байв.

Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

 

 

Leave a Reply