Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүн, сайд нар /2020.08.26/ МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэж, өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцож буйг хэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ “Ирэх 4 жилийн төлөвлөлт, зорилт дээр хувийн хэвшилтэйгээ ярилцаж, саналыг авч хөгжлийн бодлогод тусгаж явна. Үүний дараа хувийн хэвшилтэй хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулна. Мөн эдийн засгийн “Чөлөөт бүс”-д голлон анхаарч, Чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтвортой байхад анхаарч ажиллана” гэлээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Төр, засаг хөгжлийн 8-12 жилийн урт хугацааны зорилтод анхаарч ач холбогдол өгч байна. Ингэж байж хөгжлийн хөтөлбөрүүд үр дүнд хүрч томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ гэдгийг онцлов.
Нөгөө талаар бүтээн байгуулалтыг бүсчилсэн хөгжлийн үзэл бодлын дагуу хийнэ. Өнөөдөр бүтээн байгуулалтын 120 төсөл, хөтөлбөр байгаагийн 70 орчим хувьд ТЭЗҮ хийгдсэн байна. Төр бүх зүйлийг улсын төсвөөр хийж чадахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг илүү чухал зүйлд оруулж явна. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт илүү тогтвортой байж улсын хэмжээний том зорилтууд хэрэгжинэ гэв.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба