“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

Энэ удаагийн экспог Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон,  МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих хороо хамтран зохион байгууллаа.

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017” арга хэмжээнд Монголын 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 800 орчим төлөөлөгч оролцсон. Үндэсний манлай үйлдвэрүүд, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ноос ноолуур, мөнгөн эдлэл, хүнс зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн уг экспо хоёр улсын худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэж буй бөгөөд дөрвөн  үндсэн арга хэмжээний  хүрээнд 23 хэсэг үйл ажиллагаа өрнөсөн юм.

9 дүгээр сарын 26-ны өдрийн арга хэмжээний хүрээнд Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон мега төслүүдийг танилцуулахаас гадна хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын талаар хөндөж ярилцлаа. Харин үдээс хойших хуралдаанаар  Монгол-Хятад-Оросын уул уурхайн нөөц баялаг ашиглалт хэлэлцүүлэг, Худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн дээд түвшний уулзалт, Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа болон үйлдвэржүүлэлтийн салбарын форум, “Хятад-Португаль хэлтэй улс орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боловсон хүчний мэдээллийн сүлжээ ба Бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо.

Тус арга хэмжээнд Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжин болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Амгалан нар урилгаар оролцов.

Leave a Reply