Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хоёр орны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Мөн уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлагууд болон БНХАУ-ын холбогдох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлын тов зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Эх сурвалж: zasag.mn