“Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах том ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот 3 дугаар сарын 13-наас 23-ны хооронд “2018 оны Монгол-Хятадын хилд дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг бүтээн байгуулах” сургалтад хамрагдлаа.
Сургалтад ЗГХЭГ, Гадаад харилцааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна “Замын-Үүд” чөлөөт бүсээс Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Зургаанжин, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Чулуун-Эрдэнэ, Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн дарга Ц.Ганбат, Дотоод аудит, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ч.Баттулга нар оролцож туршлага судлав.
“БНХАУ ба Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжлийн байдал, Өвөр Монголын Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны практик ба ба эрэлхийлэл”, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг бүтээн байгуулах явц дунд оршиж буй чухал асуудал ба шийдэл” тус тус сэдэвт сургалтууд зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтын хүрээнд Нан Нин-Пин Шиан хот-Пин Шиан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын байдалтай газар дээр нь очиж танилцан туршлага судлав.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА