Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүс хариуцсан зөвлөх Ц.Ганболд Дорноговь аймаг, Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод томилолтоор ажиллаа

Шадар сайдын чөлөөт бүс хариуцсан зөвлөх Ц.Ганболд 2018 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Замын-Үүд сум болон Эрээн хотын удирдлагуудтай уулзалт хийж,  “Замын-Үүд” чөлөөт бүс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээний чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай  “Чөлөөт бүсэд барилга байгууламж барихтай холбогдсон харилцааг зохицуулахад хамтран ажиллах” гэрээ байгуулав.

Мөн өдрийн үдээс хойш Дорноговь аймгийн Замын-Үүд сумын удирдлагууд, Хилийн 0108 дугаар ангийн орлогч дарга, “Чандмань бадрал” ХХК-ний холбогдох албаны хүмүүстэй уулзаж, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-өөр хийгдсэн дэд бүтцийн байгууламжуудын ашиглалт, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

4 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагуудыг “Замын-Үүд” чөлөөт бүсэд хүлээн авч, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан ус цэвэршүүлэх үйлдвэр, дулааны станц, цэвэрлэх байгууламж, авто замын барилга байгууламжтай танилцуулж, мөн өдрийн үдээс хойш манай ажлын хэсэг Эрээн хотын чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай газар дээр нь  танилцав.

4 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод Эрээн хотын орлогч дарга Гуо Пин Ван тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Хятадын хилийн дагуух Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэв.

Leave a Reply