Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчтой уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр  БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа “Ухаалаг технологийн Олон улсын анхдугаар экспо” арга хэмжээнд “Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК болон “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл”-ийн Монголын хэсгийн даргын хувиар оролцож байна. Өнөөдөр /2018.08.21/ ХКН-ын төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж, хоёр орны улстөр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дотно яриа өрнүүллээ.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр улам гүнзгийрэн урагшлан хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

2019 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын өндөр дээд түвшинд харилцан айлчлал, мөн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах тухайд санал нэгдэв.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд монголын тал идэвхтэй оролцож, “Хамтарсан IT park” байгуулах, software-ийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Худалдааны төлөөлөгчийн газраа Бээжин, Тяньжин хотод нээхээр төлөвлөж, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –ийг соёрхон батлахыг эрмэлзэж буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшин онцолж байв.

Эх сурвалж: www.zasag.mn

 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply