Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XV хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргаллаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тодорхой саналууд дэвшүүлснийг хятадын талаас дэмжиж буйгаа илэрхийлэв.
Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдааны бүтцийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх саналыг манай талаас тавив.
Дэд бүтэц, төмөр зам, авто замын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх зэргээр хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах болон статусыг нь дээшлүүлэх зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн ажиллахаар болов.
“Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлэх, хил залгаа муж болон өөртөө засах оронд энэ төрлийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулж, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон 3 төслийг аль болох эрт хэрэгжүүлж эхлэх саналыг монголын талаас дэвшүүлэв. Энэ хүрээнд уг жагсаалтад тусгагдсан Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Улаан-Үд-Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдны авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах санал тавив. Саяхан талууд “Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хамтарсан механизм байгуулах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, тодорхой ажлуудыг эхлүүлэх үүднээс гурван талын ажлын хэсгийн дарга нарын уулзалт, эсвэл шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо ойрын хугацаанд зохион байгуулах санал тавив.
Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, цаашид Монгол Улсаас БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Хятадын тал Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх хүрээнд рапс, хивэг, хөх тарианы гурил экспортлох аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох аж ахуйн нэгжүүдийг хянан магадлах ажлын хэсгийг ирүүлэхээр болов. Мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон адууны мах боловсруулах аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх мэргэжлийн баг ойрын үед Монгол Улс руу илгээхээр болов.
Эх сурвалж: www.cabinet.gov.mn
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА