ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Шинэ Барга зүүн хошууны худалдааны чөлөөт бүсийн танилцуулах форум”-д “Замын-үүд” чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албанаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр оролцож мэдээлэл авлаа.
Монгол, Хятад хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шинэ Барга зүүн хошуу болон Монгол Улсын аж ахуйн нэгж хооронд эдийн засаг, худалдааг дэмжих, Шинэ Барга зүүн хошууны хилийн бүсийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү форумыг Улаанбаатар хотод 2 дах жилдээ зохион байгуулж байгаа юм байна.
“Шинэ барга зүүн хошууны худалдааны чөлөөт бүс”-ийн хувьд татваргүй бүс бий болж байгаа бөгөөд чөлөөт худалдааны татваргүй бүсэд бизнес эрхлэхэд боломжтой гэдгийг онцоллоо.
Тус форумын үеэр МҮХАҮТанхимын зүгээс Монголын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж Хятадын зах зээлд гарч буй бараа бүтээгдэхүүнийг чанартай, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн буюу Хятадын хэрэглэгчдийн таашаалд нийцэх Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг их хэмжээтэй худалдан борлуулах, гаргахыг зорьж ажиллана гэдгээ мэдэгдсэн. БНХАУ-ын зах зээлд зориулсан, хэрэглэгчийн таашаалд Монголын ямар бараа бүтээгдэхүүн нийцэх тал дээр тусгайлан судалгаа явуулж, Хятад хэрэглэгчийн зан төлөвийг танин мэдэхийн тулд Хятадын талаас зөвөлгөө үйлчилгээ үзүүлдэг консалтинг компаниудтай хамтран ажиллавал үр дүнтэй байх болно гэдгийг мөн энэ үеэр онцлон тэмдэглэж байсан юм.
Монгол Улс, БНХАУ 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд 2017 оны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байгаа бөгөөд үүнээс БНХАУ-д хийсэн экспорт нийт экспортын 87,8 хувийг эзэлж байгаа юм байна. Хоёр улс 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байна. Мөн Монгол, Хятадын худалдааны эргэлт 2018 онд 8,5 тэрбум ам.доллароос даваад байгаа бөгөөд 2020 он гэхэд 2 талт худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн дурьдлаа.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА