ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

“Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл  мөрдөж байна.

2015 оны  шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгасан.  

“Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талуудын харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулах, хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн нэр томьёоллыг өөрчлөх чиглэл өгсөн ажээ.

Source:http:www.parliament.mn

 

Leave a Reply