“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээх асуудлыг онцгойлон анхаарна…

ХУУЛЬ НЬ 23 ЖИЛИЙН ӨМНӨ БАТЛАГДСАН БОЛОВЧ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ ӨНӨӨДРИЙГ ХҮРГЭЛЭЭ…

Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хамтран  Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл -ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улсын хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар  гарын үсэг зурсан.

Эдийн Засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл-ийн хувьд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх болон худалдааны өртгийг бууруулахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм  хэмээн АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Раманчандран онцлосон юм.

Уг төслийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх бөгөөд  чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг шинээр барьж байгуулах, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах болон чөлөөт бүсийн оновчтой менежментийг нэвтрүүлэх юм.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Монгол Улсын Шадар сайдын хариуцдаг нэг чухал асуудал бол чөлөөт бүс байдаг. Хууль нь 23 жилийн өмнө батлагдсан боловч чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил жил дамнаж удаашралтай байж ирсэн. 2017 оны 10 дугаар сард миний бие Шадар сайдаар ажиллаж эхэлсэн эхний өдрөөс эхлэн чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг урагшлуулахыг зорьсон.  Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрш хоёр оронтой хийх эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн бусад улс орнуудын зах зээлд эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чөлөөт бүсүүд чухал ач холбогдолтойг чухалчилж ажиллах шаардлагатай байгаа юм.  Тэр дундаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна.  Иймд Дорноговь аймаг дахь “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээх асуудлыг онцгойлон анхаарч, АХБ-тай хамтран ийнхүү “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төсөл” хэрэгжүүлэхээр тохирч, төслийн үйл ажиллагаа эхэлж байгаад сэтгэл хангалуун байна  хэмээн онцоллоо.

Эх сурвалж: МУШСАА

 

Leave a Reply